Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хариуцлагатай уул уурхай зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ

Б.Ариунаа

Хариуцлагатай уул уурхайн зүүн бүсийн өдөрлөгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, МУУҮА болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгынхан хамтран өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Дорнод аймгийн төвд зохион байгуулж байна.

Зүүн бүсийн өдөрлөгт зүүн гурван аймаг, иргэний нийгмийн төлөөлөл, төрийн байгууллагынхан, энэ бүсэд уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниуд өргөнөөр оролцож байна. Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүний 24%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83%, аж үйлдвэрийн салбарын 72%, экспортын 94% бүрдүүлж байна.  Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, орон нутгийн төрийн байгууллага, иргэд олон нийт, иргэний нийгмийнхэн, уул уурхайн компаниуд нэг дор цугларч, мэдээллээ солилцож, ойлголцолд хүрч ажиллах нь чухал юм” хэмээн илтгэлдээ дурдлаа.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүй уул уурхайгаас ялгаж салгах нь чухал. Хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, нийгмийн хариуцлагын хүрээнд ил тод ажилладаг компаниудыг хариуцлагатай уул уурхай эрхлэгч гээд кодексжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Зүүн бүсэд, тэр дундаа Дорнод аймагт уул уурхайн олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд кодексээ авсан.

Манай улсын хувьд дэлхийн уул уурхайн салбарын 3,2 хувийг эзэлдэг. Олборлолтын хувьд дэлхийн тэргүүлэгч таван орны тоонд ордоггүй. Тэгэхээр бидэнд уул уурхайн салбарт хөгжих, илүү хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж байна” хэмээн ярилаа.

Өдөрлөгт Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга нар оролцож, аймагтаа хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн талаар танилцууллаа. Үдээс хойш зүүн бүсийн уул уурхайн өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнөж оролцогчид асуулт асууж хариулт авлаа.

Уул уурхайн салбараас олох орлогыг орон нутгийн сангийн хөрөнгөд төвлөрүүлдэг. Хэрхэн зарцуулж байгаа вэ?

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Дорнод аймгийн хувьд анхны шилэн төсөвтэй болсон. Аймгийн орон нутгийн сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар Dornod.gov.mn сайтаас харах бүрэн боломжтой.

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Чогсомжав: Хэнтий аймгийн хувьд  уул уурхайн салбараас орон нутгийн санд төвлөрч байгаа  хөрөнгийг шилэн байдлаар байршуулж хүссэн хүн бүхэнд нээлттэй ил тод болгосон.

“Петро чайна” компанитай үүссэн маргааныг хэрхэн зохицуулж байна вэ?

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал: "Петро Чайна" компани бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг шилжүүлж авсан. ус компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр үлдээх саналтай байгаа. Энэ талаар Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. АМНАТ-ын хувь хэмжээн дээр, мөн дөрвөн төрлийн татвар авах талаар хэлцэл өрнөж байгаа.  Тус компани бол анхны гэрээгээр явах сонирхлоо илэрхийлсэн. Татварын асуудал нэлээд яригддаг. Татварын ерөнхий газраас олон нийтэд ил танилцуулж тавьсан акт, төлбөрийн талаар тодорхой танилцуулсан. Одоогийн байдлаар “Петро Чайна” компанийн дансыг битүүмжилсэн, ажилчид цалингаа авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдсон байдалтай байна.

Энэ гэрээ үнэхээр өгөөжгүй байдаг уу? Тодорхой тоо хэлж эргэлзээг арилгаж өгөөч?

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал: Мэдээж бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газар баталж эрх олгосон. Энэ гэрээнд татвар авахгүй байх талаар тусгасан нь маргаан дагуулсан асуудал болоод байна. Өнөөдрийн байдлаар тус компаниас улсын төсөвт нэг өдөр нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Гэтэл ажил доголдож эхэлснээс хойш  арван тэрбум төгрөгийн татвар төвлөрөх асуудал тасалдаад байна.

АМГТ газраас иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллах боломж нээлттэй. Түүнээс бидэнд хааж боох зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тус компанийн хувьд байгаль орчны нөхөн сэргээлт ажиллах хүч гэх мэт иргэний нийгмийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэгт санал нэгддэг. Хамтарч ажиллахад бэлэн хэмээн хариуллаа.

Дорнод аймгийн Засаг дарга: Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй санал нийлдэггүй. Ус ашигласны татвар заавал төлөх ёстой шүү дээ. Хөрөнгө оруулалт гэдэг бол ашиг олохыг зөвшөөрнө. Орон нутгийн байгаль орчноо хамгаалах, орон нутгаас ажилчдаа бэлтгээчээ гадаадаас битгий ажиллах хүчээ аваачээ гэсэн байр сууриа үргэлж илэрхийлж байна гэж хариуллаа.

Панел хэлэлцүүлгийн дараа Эрдэс баялгийн салбар дахь хариуцлагатай үйл ажиллагаа сэдвээр “Степ голд” компанийн Ерөнхийлөгч Ц.Бямбацэрэн, “Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батхүү,  “Шинь шинь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сун Гүй Мин нар илтгэл тавина. "Уул уурхай ба орон нутаг" сэдвээр хэлэлцүүлэг өрнөж өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.  

Сэтгэгдэл (1)

  • Carl Doswell (77.103.211.179)
    Hope they discuss the issue with the Land Permit that Petro Matad are still waiting on. This will create revenue for Dornod/Matad Soum if the Land Permit is awarded. Oil has already been found in 2019
    2023 оны 11 сарын 16 | Хариулах