Канадын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улс институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төслийн хаалт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
Төсөл 2016-2024 онд төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хэрэгжиж эхэлжээ. Энэ хүрээнд орон нутгийн хөгжил, манлайлал, үр дүнд суурилсан удирдлага, чадамжид суурилсан хүний нөөц, байгаль орчин, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд, орон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлжээ.
Хаалтын арга хэмжээнд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Чоуфани, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, MERIT төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс болон хамтын ажиллагаатай байгуулагуудын төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын төрийн байгууллагууд болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн туршлага, арга зүй, тогтолцоог тухайн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор богино болно урт хугацааны Канад, үндэсний зөвлөхүүд төрийн захиргааны төв байгууллагууд, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлагууд, орон нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тухайн орон нутгийн иргэдэд хүрч ажилласан нь энэхүү төслийн онцлог арга, аргачлал юм байна.
Төслийн гол хамтрагч төрийн захиргааны байгууллага нь ЗГХЭГ, УУХҮЯ, БОАЖЯ, Удирдлагын академи, ЖҮХ болон Төрийн албаны зөвлөл, холбогдох агентлагууд, сургалтын байгууллагууд байжээ.
Төсөл хэрэгжих хугацаанд давхардсан тоогоор нийт 23770 төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулахад Канадын 286 техникийн болон үндэсний 214 зөвлөхүүд ажиллажээ. Түүнчлэн 489 сургалт зохион байгуулснаас, 150 сургалтыг УБ хотод, 268 сургалтыг орон нутагт, 71 сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Уурхайн хаалтын жишиг төлөвлөгөө, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг орон нутагт жишиг байдлаар нэвтрүүлэх, төрийн албаны хүний нөөцийн суурь судалгаа, чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага, мониторинг, үнэлгээг, ахисан түвшний жендерийн дүн шинжилгээ хийхэд чиглэсэн сургалт судалгааг хийжээ. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болох чадавх бүрдүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, түүний хэрэгжилтийг сайжруулах зэрэг практик арга аргачлал, сургалтыг нэвтрүүлж, үүнийг Удирдлагын академи болон холбогдох байгууллагууд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж эхэлсэн байна.
Монгол Улсын төрийн албаны менежментийг сайжруулахад MERIT төслийн оруулсан хувь нэмэр онцгой болохыг арга хэмжээнд оролцсон төлөөлөл цохон тэмдэглэж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц тэргүүн туршлага арга аргачлалыг нэвтрүүлж, хамтрагч байгууллагуудыг чадавхжуулж ажилласнаар, төлийн үр дүн тогтвортой үргэлжлэх боломжийг бүрдүүлсэн сайн жишгийг тогтоож байна хэмээж байв.