А.Халиун
УИХ-ын чуулганы баасан гаригийн /2023.12.01/ нэгдсэн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын хэд хэдэн гишүүн шатахууны хомсдолын талаар хөндөж, энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодруулав.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг иргэд, ААН-үүдэд төрөөс зөвшөөрөл олгоё. Засгийн газар шатахууны хомсдолоос гарахын тулд олон хувилбараар ажиллах хэрэгтэй байна" гэлээ.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "ОХУ-аас шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-25-нд 102 мянган тонн шатахуун ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 мянган тонноор илүү байна. Монгол Улс сард 3000 вагон шатахуун хэрэглэдэг бөгөөд энэ хэмжээнээсээ давуулан нийлүүлсээр байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дотоодын хэрэглээ өссөн. Жишээлбэл, нүүрсний экспорт одоогоор 62 сая тонн хүрлээ. Энэ хэрээр дизель түлшний хэрэглээ эрс нэмэгдсэн.
Нөгөө талаар ОХУ-ын Засгийн газраас шатахуун экспортын хязгаарлалт тогтоох тухай тогтоолыг 2023 оны есдүгээр сарын 21-нд гаргасан. Энэ гэнэтийн шийдвэрийн дараа хойд хөршөөс нийлүүлэлт 20 хоногоор тасалдсан. Тухайн үед буюу найм, есдүгээр сард манай улс 140 мянган тонн шатахуун нөөцлөөд байсны үр дүнд 20 хоногийн тасалдлыг бэрхшээлгүй давсан. Тэр тасалдлаас өнөөг хүртэл гарч чадахгүй байгаа юм.
Шатахуун импортлох тусгай зөвшөөрөл олгоход тавигддаг хамгийн гол шаардлага бол аюулгүй байдал. Засгийн газар зөвхөн ОХУ-аас биш, уул уурхайн салбарт хэрэглэж байгаа шатахууны БНХАУ-аас авах талаар ажиллаж байна. Хятад улс өөрөө импортлогч улс учир бидний хүссэн хэмжээнд нийлүүлж чадахгүй байна" гэж хариулав.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар манай улсын экспортын орлого түүхэн дээд хэмжээндээ хүрч 13.5 тэрбум доллар болсон. Үүн дотор нүүрсний экспорт 7.5 тэрбум долларт хүрч хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдлээ. Газрын тосны экспорт 320 сая долларт хүрсэн. Уул уурхайн үйлдвэрлэл 1.5 дахин өссөн. Энэ өсөлтийг дагаад дизель түлшний импорт 1 тэрбум ам.долларт хүрч, хэрэглээ өнгөрсөн оныхоос 40 хувиар нэмэгдсэн.
Тиймээс дизель түлшний захиалгыг өсөн нэмэгдэж буй экспорттой уялдуулж өгөөгүйгээс хомсдол үүссэн. Дизель түлшний нэмэлт захиалгыг өөр газраас татаж байгаатай холбоотойгоор тээвэр логистикийн гацаа үүссэн. Энэ бол эдийн засгийн төлөвлөлт буруу хийгдсэн цэвэр зохион байгуулалтын асуудал. Эрэлтийг хангах хэмжээний нийлүүлэлтийг ОХУ-аас тогтвортой хийж байхад манайхан өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээндээ тохируулж захиалгаа өгөх хэрэгтэй байгааг сануулав.
Тэрбээр, дунд хугацааны шийдэл нь Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг яаравчлах хэрэгтэй. Энэ ажил удаашралтай байна гэлээ.