Б.Ариунаа
“Дорнод аймагт бичил уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэдэгдэл “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалтын уур амьсгалыг иргэний нийгмийнхний анхаарлын төвд авчирч, оролцогчдыг илүү чамбай, илүү хариуцлагатай байх анхааруулга өглөө.
Дорнод аймгийн төвд (11 дүгээр сарын 16-17) болсон “Хариуцлагатай уул уурхай” Зүүн бүсийн чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулав. Мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ЗДТГ, “Степ голд” ХХК, “Цайрт минерал” ХХК, “Шинь шинь” ХХК, “Петро Чайна дачин Тамсаг” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, байр сууриа илэрхийлэн, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагдах болсон. Гэсэн ч санасан хэмжээнд хүрэхгүй байгааг мэргэжилтнүүд онцолсоор байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, эдгээрийг дагасан дэд бүтэц хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон чиглэлд дэмжлэг үзүүлэх бодлого, шийдвэрийн хүрээнд уг чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой” гэсэн юм.
Зүүн бүсийн чуулга уулзалтын бас нэг зорилго бол эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олон нийтийн дунд тархсан буруу ойлголтыг зөв чиглүүлэх явдал юм. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Энэхүү чуулга уулзалт уул уурхайн компаниудыг хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг тунхаглаж байна гэж ойлгож байна. Энэ зүйлийг олон жил ярьсан ч ажил хэрэг болгоход бидний хамтын ажиллагаа чухал. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, “Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилго” зэрэг бодлогын баримт бичгийн хүрээнд манай аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрдэс баялгийн салбар байна гэж тогтоосон. Монгол орны зүүн бүсэд бусад бүс нутгаас илүү хайгуул явагддаг онцлогтой” гээд Дорнод аймагт хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байна. Хариуцлагатай уул уурхай эрхлэгчид хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөл авдаг, эвдэрсэн газраа нөхөн сэргээдэг, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлдэг, ажлын байр шинээр бий болгодог. Харин хариуцлагатай уул уурхайтай байнга андуурдаг салбар бол хууль бус ашигт малтмал олборлолт. Энэ хоёрыг ялгаж салгах нь чухал байна. Үнэхээр хариуцлагатай байна уу, хараахан хариуцлагатай болж чадаагүй байна уу гэдэгт олон нийт хяналт тавих ёстой” гэсэн юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулав.
Тэрбээр “Тус компани Монгол Улсын төсөвт өдөрт нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Байгаль орчны нөхөн сэргээлт, ажиллах хүчин гэх мэт иргэний нийгмийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх ёстой гэдгийг бид дэмждэг. АМГТГ-аас иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй” хэмээн онцоллоо.
Зүүн бүсийн чуулга уулзалтад иргэний нийгмийг төлөөлөн 200 гаруй иргэд оролцож, байр сууриа илэрхийлсэн нь онцлог байлаа. Бичил уурхай эрхлэгч н.Алтанцэцэг “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бид зохих зөвшөөрлөө аван, үйл ажиллагаа эрхэлж байгаа. Гэтэл байнга бичил уурхай эрхлэгчид гэж нүд үзүүрлэх хэрэггүй. Бид ч ажлын байр бий болгож байна. Нөхөн сэргээлт хийн, инновац нэвтрүүлж байна. Хариуцлагатай уул уурхай эрхэлдэг. Томоохон уурхайг л хариуцлагатай гэж ярихаа болин, хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхайг ч бас кодексжүүлэх ёстой” гэж шаардсан юм. Түүнийг бичил уурхайчид дэмжлээ.
Зүүн бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолт эрхэлдэг “Степ голд” компанийн Ерөнхийлөгч Ц.Бямбацэрэн, “Цайрт минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батхүү, “Шинь шинь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сун Гүй Мин нар хариуцлагатай уул уурхайн жишиг төслүүдээ танилцууллаа. Тэд оролцогчийн байр сууринаас илтгэл тавиад өндөрлөсөнгүй. Өдөрлөгийн үеэр үзэсгэлэн гаргасан нутгийн үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон юм.
Монгол Улсын ДНБ-ий 5%-ийг бүрдүүлдэг зүүн бүсэд алт, нүүрс, жонш, холимог метал, төмрийн хүдэр, газрын тос олборлодог, баяжуулдаг компаниуд хариуцлагатай уул уурхайн жишгийг үлгэрлэхээр тогтов. Оролцогчид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар санал нэгдсэн нь энэхүү чуулга уулзалтын гол үр дүн байлаа.