Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Азжаргал: Багаараа гэртээ эрүүл саруул харих нь хамгийн том аз жаргал 

Х.Болормаа

Хүүхдүүд чинь “Оюутолгой”-д ажиллая гэвэл зөвшөөрөх үү?” гэж асуухад “Зөвшөөрөлгүй яах вэ” гэж ямар ч эргэлзээгүй хариулсан энэ залууг Б.Азжаргал гэдэг. Тэр өөрийнхөө гараар “Оюутолгой”-н гүний уурхайг бүтээн байгуулж, ажилдаа   сэтгэлээ шингээн дээд зэргийн чанартай хийж байгаа учраас итгэлтэй хариулсан хэрэг. Одоо өөрөө ажиллаж байна, ирээдүйд үр хүүхдүүд, ач зээ нар нь ажиллах уурхайг бүтээн байгуулалцаж байгаа хүн бүр түүн шиг бодолтой  зүтгэдэг биз ээ. 

Б.Азжаргал бол “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг” ХХК-ийн Хөндлөн нэвтрэлтийн IV багийн ахлах ажилтан. Хөндлөн нэвтрэлт гэдэг нь газрын гүнд тунел ухаж, түүнийгээ бэхэлж, аюулгүй болгон, олборлолт явуулахад бэлэн болгох ажил юм. Тэдний ухсан тунел одоо Улаанбаатараас Дархан орох замын урттай тэнцээд байна. Тэр одоо 34 настай. Хэнтий аймгийн төвд 10 дугаар анги төгсөөд, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 317 дугаар ангид 2008-2009 онд алба хаажээ. 2012 онд зарын дагуу “Рэдпаф Монгол” компанид шалгуулан, харилцааны соёлтой, ачаалал даах чадвартай, цэргийн алба хаасан байх гэсэн шалгуурыг   даван, тэнцсэн байна. Ингээд сургалтад хамрагдсанаар “Оюутолгой”-д ажиллаж эхэлжээ. “Рэдпаф Монгол”  ХХК 2016 онд “Хасу мегават” компанитай нэгдэн, “Даян Контракт Майнинг” ХХК болсон байна. Ажилд ороод, шууд гүний уурхайд тоног төхөөрөмжийн туслах, оператор гэх зэргээр шат дараалан дэвшиж ажилласаар, 2019 онд троссон бэхэлгээний багийн ахлах ажилтан болсон байна. 

Тэр үедээ “Оюутолгой”-н гүний уурхайд анхны аварга крашерыг ашиглалтад оруулах багт оператороор ажилласан. Одоо 2 дахь том крашер байрлуулах тунелыг ухаад, дуусаж байна. “Би гүний уурхайн хамгийн том малталт хариуцсан ахлахаар ажиллаж байгаа гэж бодохоор сайхан. Гүний уурхайд 2 крашер байдаг. Дэлхийн жишигт нийцсэн уурхайд, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг монгол залуус угсарч, ажиллуулж байгаа нь бахархалтай. Бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг” хэмээн ярив. 
Крашер гэдэг нь гүний уурхайд байрлуулсан, аварга том бутлуур ажээ. Хүдрийг  бутлан, конвейрээр дамжуулан уурхайгаас гаргадаг. 

 Гүний уурхайн хамгийн хүнд ажил нь хөндлөн нэвтрэлтийн хэсэгт өрнөдөг байх?
Тийм ээ. 

Танай баг гүний уурхайд ямар ажил гүйцэтгэдэг вэ?
Эхлээд маркшейдерийн баг  мөргөцгийн  чиглэл,  налууг тодорхойлж    ухалт хийнэ.  Цаашлаад тунелтэй холбох   зэргээр чиглэл гаргадаг. Үүний дараа мөргөцгөө өрөмдөөд, тэслэхэд бэлтгэнэ.  Тэсэлгээний баг тэслэхээр нурсан хад чулууг Чулуулгийн баг цэвэрлэж, зөөнө. Газрын гүнд цул хад шүү дээ. Геотехникийн баг очиж датагаа авсны дараа бетон Цутгалтын баг очиж, бетон шүршин, тунелын ханыг чулуу унахгүй, нурахгүй болгож бэхэлнэ. Араас нь боолтын  машинаар хүчитгэсэн бэхэлгээ хийнэ. Боолт нь тортой, торгүй гэж байна. Гүний уурхайд хамгийн чухал нь бэхэлгээ. Геотекийн баг гэж бий. Асар том тунел ухахаар зарим газарт хагарал үүснэ, сул чулуу таарч нурна. Түүнийг Геотекийн багийн заавраар бэхэлдэг. Энэ бүхний эцэст Барилгажилтын баг дэд бүтцийг шийднэ. 

Ингэж олон баг   гар нийлж, гүний уурхайд бүтээн байгуулалт өрнөдөг.  
Энэ бүхэнд байнга анхаарлаа төвлөрүүлж ажилладаг. Би ажиллаж байна. Манай ах бас маркшейдерийн  багт ахлахаар ажилладаг. Миний үр хүүхэд ч ажиллаж мэднэ шүү дээ. 

Газрын гүнд, чийгтэй, халуун нөхцөлд  удаан хугацаанд ажиллах нэлээд сорилттой тулгардаг байх?
Газрын гүнд халуун л даа. 7-9 сард ажиллах нөхцөл нэлээд хүнд. Анх намайг ажилд ороход ганцхан босоо амтай, түүгээр агааржуулдаг байсан. Одоо 2 босоо амаар цэвэр агаар орж, 1 босоо амаар бохир агаараа гаргаж байгаа. Агаар сэлгэлт  дээрдэж, ажиллах нөхцөл сайжирсан. Агааржуулалтын тусгай баг бий. Тэд агаарын найрлагыг хэмжээд, хаана сэнс тавихыг шийднэ. Гүний уурхайн агааржуулалтыг хариуцдаг баг ажилладаг гэсэн үг. Чийгтэй температур 30-32 болоход хүн ажиллах боломжгүй тул ажил зогсдог. Тэсэлгээ хийхэд тунелд хүн байлгадаггүй. Тэсэлгээнээс хуримтлагдсан гаазыг инженерүүд цэвэр агаартай талаас нь очиж хэмжээд, хөөж гаргадаг. Агаар цэвэр болсны дараа ажилчдаа доошоо оруулдаг юм.  

  • Түүний аав, ээж тэтгэвэрт гарсан ч Хэнтий нутагтаа малаа маллан яваа. Б.Азжаргал тэдэндээ дэм болохыг хичээн, ажлаас буусан үедээ нутагтаа заавал очихыг хичээдэг болсон байна. Тэр ах дүү гурвуул. Ах нь түүнтэй хамт “Оюутолгой”-д ажиллаж байгаа бол бага дүү нь Хэнтий аймгийн төвд багшилдаг.  Б.Азжаргал “Оюутолгой”-гоос ханиа олжээ. “Рэдпаф Монгол”-д хамт ажиллаж байсан тэд Дарханд төвхнөж, хүү, охин хоёртой болсон байна. Ууган хүү 9, отгон охин 3 настай. Гэргий нь 2016 оноос хүүхдүүдээ асрах үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хоёулаа ажиллавал хүүхдүүд хэцүүднэ, зөрж ажиллавал өөрсдөө нэгнийхээ барааг харахгүй болох гээд байсан тул тэд ийм шийдэлд хүрсэн байна.  “Гэртээ ямар бэлэгтэй харьж явна вэ?” гэж асуухад тэр “Эсэн мэнд очиж байгаа маань л хамгийн том бэлэг байх даа” гэж хариулан, хүлээсэн хариултыг маань өгөв.   

Ямар үед аз жаргал мэдэрдэг вэ?
14 хоногийн ажлын дараа онгоцонд  багаараа суух тэр үед  залуус  эрүүл саруул, бүгд гэртээ харих чинь хамгийн сайхан аз жаргал байдаг. 

Оюутолгойн уурхай “Рио Тинто” группийн хэмжээнд аюулгүй ажилла­гааны үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Тиймээс “Оюутолгой” компани аюулгүй ажиллагааны талаар бусад уурхайнуудад жишиг болохуйц  дүрэм журмыг чанд мөрддөг.  

“Оюу толгой” аюул осолгүй ажлын байр бий болгох тал дээр байнга анхаарч ажилладаг.  “Оюутолгой”  компаниас зохион байгуулж буй аюулгүй ажиллагааны сургалтад  ажилчид маань байнга хамрагддаг. Техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ашиглалтын горим, эрсдэлийн үнэлгээ, ажил амралтын хуваарь, өргөх, буулгах хэрэгслийн аюулгүй ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл тогтмол хийдэг.

Олон осол, гэмтлээс сургамж аван, судалгаа хийсний үндсэн дээр тэдгээр стандартыг боловсруулж, ажиллагсдаа сургадаг.  Уурхайд ажиллаж буй  хүн бүр   алхам тутамдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа ягштал хэрэгжүүлэх ёстой. Ер нь бол журмаа баримтлахад л болдог. Жижиг зүйлээс ч бэртэл гэмтэл учирч болзошгүйг  мартаж болохгүй.  

“Оюутолгой” компани Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгч ч гэлээ танай компани ажилтнуудаа тогтвортой ажиллуулах гэрээ байгуулдаг уу?
Манайх саяхан “Оюутолгой” компанитай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээ сунгагдаад байвал бид ажилтай гэсэн үг. 

Техник, өндөр технологи эрчимтэй хөгжиж байна. Хиймэл оюун ухаанаар   хүний үйл ажиллагааг удирдан гүйцэтгэх цаг удахгүй ирэх байх даа?
Бид технологийн эринд амьдарч байна. Саяхныг хүртэл манай уурхайн чулуу тээвэрлэдэг машин жолоодлоготой байсан.  Одоо бол 1300 метрийн  гүнд байгаа техникүүдийг зайнаас    удирдаж байна.  Дэлхийн бусад уурхайд ашиглаж буй автоматжуулалтын систем нэвтэрч эхэлсэн.  

“Оюутолгой” компани дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болохын төлөө олон улсын туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологи инновац нэвтрүүлэх зэрэгт томоохон хөрөнгө оруулалт хийж байна.