Өндөр технологийн түүхий эдийн хэтийн төлөв, боломжийн талаар “Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очиртой ярилцлаа.
Б.Ариунаа
Өндөр технологийн түүхий эд гэсэн нэр томьёо уул уурхайн мэргэжлийн хэллэгт нэмэгдлээ. Дэлхийн зарим улс энэхүү түүхий эдийг ашиглах, зах зээлд ноёрхох, улмаар тэргүүлэх чиглэл болгон бодлогоо тодорхойлж байна. Монгол Улсын бодлого ямар түвшинд яваа гэж Та харж байна вэ?
Техник инновацын шийдэл, тэр дундаа цахилгаан машин, хиймэл оюун ухаан зэрэг технологийн салбарт гарч буй шинэ эрэлт хэрэгцээ, зах зээлээ дагаад бий болсон ойлголт. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалууд геологи хайгуулын хувьд харьцангуй урт хугацаанд судлагдсан бол өндөр технологийн түүхий эдийн талаарх судалгаа мэдээлэл, нэр томьёоны хувьд шинэ ойлголт юм. Үүнд хамрагдаж буй эрдсүүд холимог метал, үйлдвэрлэлийн эрдсийн ангилалд багтаж байсан.
Сүүлийн жилүүдэд дэлхийн эрдсийн зах зээл дэх ханшийн өсөлт болон эдийн засгийн ач холбогдлыг нь үнэлэн төр, засгийн хэмжээнд бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагууд энэ талын сэдэвчилсэн суурь судалгаа, мэдээллийн баазыг нэгтгэн, олон нийтэд танилцуулж байна. Цаашдаа сургалт, судалгаа, технологийн төв байгуулж, олон улстай хамтран ажиллах боломжтой. Монгол орны хувьд харьцангуй бага судлагдсан тул геологи, хайгуулын хувьд эрсдэл өндөр.
Аж үйлдвэржилт өндөр хөгжсөн болон технологи нэвтэрсэн улсууд өндөр технологийн түүхий эдийг чухал эрдсийн бүтээгдэхүүний жагсаалтад багтааж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар стратеги бодлогоо тодорхойлж байна. Түүгээр ч зогсохгүй уламжлалт уул уурхай хөгжсөн зарим орон өндөр технологийн түүхий эд ашиглан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, ханган нийлүүлэлтийн бодлого боловсруулж, эрс өөрчлөлт оруулж байна.
НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилго, Олон улсын эрчим хүчний агентлагийн дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг дагаад, өндөр технологийн эрдсийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Дэлхийн улс орнууд ойрын жилүүдэд хэрэгжүүлэх бодлогын эдгээр баримт бичигт түшиглэн үйлдвэрлэгч талууд стратеги төлөвлөлтөө боловсронгуй болгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын өнгөрсөн сард өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогч талууд өндөр технологийн түүхий эдийн хайгуул, судалгаанд цаг алдалгүй анхаарах цаг болсныг дурдсан. Ер нь энэ төрлийн хайгуул, суурь судалгаа Монгол Улсын хэмжээнд эхэлж байна гэж ойлгож болно.
Дэлхий дээр 17 төрлийн газрын ховор элемент бүртгэгдсэн. Өндөр технологийн эрдсийг улс орнууд ач холбогдлоор нь эрэмбэлж байна. Манай орны хувьд 7 төрлийн ашигт малтмалыг багтаасан байна.
Өндөр технологи гэдэг илүү ерөнхий нэр л дээ. Сэргээгдэх эрчим хүч, электроник, автомашин болон эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай зарим ашиг малтмал үүнд ордог. Газрын ховор элемент, уран гэх мэт.
Чухал ашигт малтмалд Дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай эрдсүүд, мөн цөөн тооны газрын ховор элемент ордог, бүгд биш. Зарим талаараа энэ хоёр ойлголт давхацдаг. Автомашин, соронзон үйлдвэрлэлд хэрэглэдэг 3-4 элемент газрын ховор элементэд хамаардаг. Газрын ховор элементийн хэд хэдэн бүс манай улсад бий. Харьцангуй эртнээс судлагдсан.
Ямар ашигт малтмал “чухал“ гэх тодорхойлолтод багтах вэ?
Чухал ашигт малтмалын жагсаалтыг авч үзвэл газрын ховор элементээс 3, холимог металаас 3, аж үйлдвэрийн эрдсүүдээс 4-5 элемент гэх мэтээр улс болгон өөрсдийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн ач холбогдол болон үндэсний аюулгүй байдлын шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тасралтгүй олборлолт явуулах зэрэг аж үйлдвэрлэлийн төрлөөс хамаарч сонголт хийн, жагсаалт гаргадаг.
Дэлхий нийтээрээ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хамгийн бага түвшинд барихын тулд эрчим хүчний уламжлалт эх үүсвэрүүдээс татгалзаж байна. Эрчим хүчийг шинэ эх үүсвэрээс хангах шаардлага тулгарсан. Энэ шилжилт өндөр технологийн метал, газрын ховор элементийн үнэ цэнийг өсгөж, чухал ашигт малтмалын тоонд оруулж байна. Тэгэхээр хэрэглээний шинэ төрөл нэмэгдэхийн хэрээр үүнд ашиглаж байгаа түүхий эдийн эрэлт хэрэгцээ дагаад өсөх нь дамжиггүй. Манай улс энэ тойргийн гадна үлдэж болохгүй.
Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч байна. Тэгвэл өндөр технологийн түүхий эдийн суурь судалгаа, хайгуулын ажлыг хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй вэ?
Монгол Улсын хувьд өндөр технологийн түүхий эдийн суурь судалгаа хийгдэхгүй байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт энэ салбарт дутагдалтай байна. Төрөөс нэгдсэн байдлаар, бодлогоор хэрэгжүүлсэн ажил харьцангуй хязгаарлагдмал. Нэгдсэн бодлого хэрэгжүүлж, тэр дундаа татварын бодлогоор дэмжсэн зүйл огт байхгүй. БНМАУ-ын үед ч өндөр технологийн түүхий эдийн судалгааг маш бага хийсэн байдаг.
Дэлхий нийтээр шилжиж буй ногоон эрчим хүчийг нэвтрүүлэхэд хамгийн их шаардлагатай түүхий эдийн жагсаалтад зэс багтдаг. Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг. Зэсийн судалгааг харьцангуй олон жил хийсэн. Гэхдээ өмнө нь мөрдөж байсан хууль, татварын орчноос хамаараад, сүүлийн 10-аад жил хайгуулын ажил тун хангалтгүй хийгдэж байна. 10 жилийн хугацаа бол хайгуулын салбарт маш том алдагдал. Энэ хугацаанд хайгуул хийх аргачлал, технологи бүгд өөрчлөгддөг. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан, хайгуул хийсэн удаа манай улсад байхгүй.
“Оюутолгой”-той зэрэгцэх томоохон ордыг өнөө хэр нь олж чадаагүй байгаа нь үүнтэй холбоотой.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлснээр олон том ордуудыг нээн илрүүлж, уул уурхайн шинэ төслүүд эдийн засгийн эргэлтэд орох боломж нэмэгддэг.
Цаашлаад никель, лити, бал чулуу, мангани зэрэг энэ бүх ашигт малтмал өөрийн гэсэн геологийн тогтоцтой. Нэгэнт геологи, хайгуулын ажил удаашралтай байгаа болохоор энэ төрлийн томоохон орд хараахан илрээгүй байна гэсэн үг.
Харьцангуй ашиглалт бага, зах зээлийн ханш сул байсантай холбоотой байж болох уу?
Болно. Жишээ нь лити байна. Дэлхийн хэмжээнд хэрэглээ нь хязгаарлагдмал байлаа. Одоо харин чухал ашигт малтмалын тоонд орж, үнэ ч өслөө. 1990-ээд оноос өмнө манай уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч байсан ЗХУ чухал ашигт малтмалын Норильскийн асар том ордтой. Энэ мэтчилэн шалтгаанаар хайгуул, судалгаа тун бага хийсэн байдаг.
Дэлхий нийтээр хэрэгжүүлж буй ногоон шилжилтийн гол зорилго нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах явдал. Эрчим хүчний шилжилтийн энэ цаг үед өндөр технологийн эрдсийн хэрэгцээ нэмэгдэж байна. Гэтэл манай улсад судалгаа ч бараг хийгдээгүй байдаг.
Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Тэр дундаа нүүрсний экспорт нэлээд чухал байр суурь эзэлж байна. Энэ талын судалгаа бол сайн. Мэдээж нүүрс хэрэглэхээ огт болихгүй ч нүүрс, газрын тосны хэрэглээ 2050 он хүртэл аажмаар буурах зураглал бий. Тэгэхээр манай улсын нүүрсний экспорт алсдаа багасах эрсдэлтэй. Экспортын орлогыг уул уурхайн аль нэг бүтээгдэхүүнээр нөхөх, солонгоруулах шаардлага гарна. Тэр орлого шинээр гарч ирж байгаа эдгээр түүхий эдээс хамаарна. Эдгээр ашигт малтмалын зах зээл дараагийн 10-20 жилд 4-6 дахин өсөх төлөв бий. Уул уурхай өндөр хөгжсөн бүхий л улс энэ шинэ зах зээлд байр сууриа тогтоохоор эрмэлзэж байна.
Тэгэхээр Монгол Улс чухал ашигт малтмал, өндөр технологийн түүхий эдэд баримтлах бодлогоо зөв тодорхойлж чадвал уул уурхайн салбарын ирэх 20 жилийн хөгжил тодорхой харагдах болно.
Батарейн түүхий эдийг Монголоос олборлох, үйлдвэрлэх боломж бий юү?
Дэлхий нийт ногоон технологи руу шилжихэд батарей чухал байр суурь эзэлнэ. Ганц автомашин ч бус, нийтийн тээвэр, сэргээгдэх эрчим хүч гээд олон салбарт өндөр технологийн металын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Бид ханган нийлүүлэгч улсын өнцгөөс энэ бүхнийг харах ёстой. Өнцгөө зөв тодорхойлоод, ханган нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа эзэлж чадвал боломж бий. Яг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл хэцүү. Батарей үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн 7 үе шат дамждаг. Дэлхий дээр энэ бүгдийг нэг дор хийдэг улс одоогоор БНХАУ-аас (түүхий эд ихээр импортолдог) өөр бараг байхгүй.
Манай улс батарейн түүхий эд олборлон баяжуулаад экспортлох боломжийг эрэлхийлэх ёстой. Батарейн үйлдвэрлэлд Европын цөөн улс, Япон, БНСУ, Хятадын компаниуд зонхилох байр суурь эзэлж байна. Магадгүй тэргүүлэх зэрэглэлийн технологитой компани манай улсад хөрөнгө оруулалт хийхийг үгүйсгэхгүй.
Дахиад хэлэхэд олборлох, баяжуулах үйлдвэртэй болох нь чухал ч үүнээс өмнө судалгааны ажлаа идэвхжүүлэх ёстой. Бид цаг алдаж байна. Австрали гэхэд татварын бодлого нь хайгуул хийж байгаа компанидаа ээлтэй. Өндөр технологийн эрдсийн нөөц тогтоовол улсад төлсөн татварыг нь буцаан олгож байх жишээтэй. Тэгэхээр дараагийн 20-30 жил уул уурхайн салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье гэвэл энэ төрлийн хайгуулыг нэн яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байна.
Томоохон ордуудаа түшиглэн энэ төрлийн ашигт малтмал олборлох, баяжуулах боломж бий юү?
Хамт оршдог метал бага.
Геологийн хувьд огт өөр тогтоцтой. Гэхдээ дэлхийн уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хамтарсан компани байгуулах зэрэг шинэ хөгжүүлэлт рүү шилжиж байна. Өнгөрсөн сард “Рио Тинто” компани Аргентинд литийн төсөл хэрэгжүүлэх хамтарсан гэрээ байгуулсан. BHP никелийн салбарт хүчтэй орж ирлээ. Австралийн төмрийн хүдэр олборлогч компаниуд литийн хайгуул болон олборлолтоо давхар хийж эхэлсэн. Гэх мэтчилэн томоохон уурхай түшиглэн өндөр технологийн түүхий эдийн үйлдвэрлэл хөгжих төлөв ажиглагдаж байна.
Мөн ханган нийлүүлэлтийн дараагийн үе шатны автомашин үйлдвэрлэгчид уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байна. Энэ үйл явц Монголд хэрэгжихийг үгүйсгэхгүй. Аж үйлдвэржилтэд хөрөнгө оруулалт татах шинэ боломж ч байж болох юм.
Өндөр технологийн түүхий эдийн овор хэмжээ бага учраас олборлолтын хувьд энгийн. Ашиглалтын технологи талаасаа харьцангуй энгийн боловч баяжуулах үйлдвэр зайлшгүй шаарддаг. Үр дүнд нь чанартай ажлын байр бий болно. Алсдаа боловсон хүчин бэлтгэгдэнэ. Үүнээс хойших үе шатанд элементүүдийг ялгаж авах учраас илүү нарийн технологи шаарддаг. Цаг хугацаа, зардал өндөр.
Мөн химийн салбарыг зэрэг хөгжүүлэх шаардлага гардаг. Бидэнд олон талын давуу тал байна. Химийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хятад улстай хил залгаа оршдог тул хамтран ажиллах боломжийг бодитоор эрэлхийлж, ажил хэрэг болгох давуу талтай.
Танай компанийн явуулж буй хайгуулын үр дүнд хэдий хэмжээний өндөр технологийн түүхий эдийн нөөц тогтоогдоод байна вэ?
Ер нь эрчим хүчний шилжилтийн түүхий эд болох чухал ашигт малтмал Монгол орны хэмжээнд харьцангуй бага судлагдсан.
Манай компани өндөр технологийн түүхий эдийн геологи, хайгуулын чиглэлээр Говь-Алтай, Дундговь аймагт үйл ажиллагаа эрхэлдэг.
Монгол Улсад ийм төрлийн түүхий эд нээн илрүүлэх, цаашид олборлох хэтийн зорилготой. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын Хариуцлагатай уул уурхайн кодекст нэгдсэн. Байгаль орчин, нийгэм, засаглалын талаар тодорхой зарчмуудыг баримталдаг. Үүнд:
• Байгаль орчны нөлөөлөл багатай байх
• Соёлын өвийг хамгаалах
• Орон нутагт өгөөжтэй байх
• Сайн засаглалтай байх
• Тэг ялгарал, технологийн зөв шийдэл нэвтрүүлэх зэрэг зарчим баримталж байна.
Компанийн хувьд одоогоор Зуйвангийн никель-зэсийн, “Цагаандэрс” литийн, “Хөхтаг” бал чулууны төсөл хэрэгжүүлж байна.
“Хөхтаг” төслийн хувьд сүүлийн 3-4 жилийн хугацаанд хийсэн хайгуулын үр дүнд бал чулууны хүдэржилт илэрсэн. Бусад төсөл хайгуулын эхний шатандаа явагдаж байна. Манай орны геологи, хайгуулын талаар өргөн мэдлэгтэй, олон жилийн туршлагатай техникийн баг RPMBGlobal, Getech, Southern Geoscience зэрэг олон улсын зөвлөх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, геологи, судалгааны ажил гүйцэтгэж байна.