“Оюу толгой” компанийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Хүрээлэн буй орчны үнэлгээ, олон улсад хэрэгжүүлж буй туршлагыг Монголын нөхцөлд тохируулан төлөвлөдөг гэж Та илтгэлдээ дурдсан. Энэ талаараа тодруулна уу?
“Оюутолгой” компани Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомжийг дагаж мөрдөх ёстой. Түүнчлэн “Рио Тинто” компанийн зүгээс нэвтрүүлж буй стандарт журмууд бий. Энэхүү стандартыг компаниуд дагаж мөрдөх журамтай. Үүнээс гадна хөрөнгө оруулагч талууд байна. Жилдээ хоёр удаа хөндлөнгийн аудитын байгууллага дүгнэлт гаргадаг. Гурван талын цогц мэдээллийг бид нэгтгэн “Оюутолгой” компанийн дотооддоо мөрдөх төлөвлөгөө, журмуудыг боловсруулан, дагаж мөрддөг.
Уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр хүний нөөцийн асуудал давхар яригддаг. Мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэж байна вэ?
Байгаль орчны салбар дотроо ургамал, амьтан, ус, хууль эрх зүй, сургалт, хог хаягдлын асуудал гээд олон салбар нэгжээс бүрддэг. “Оюутолгой” компани 2003 онд Байгаль орчны хэлтэс байгуулан, одоо 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өөрсдөө үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ нь бие биеэсээ суралцах боломж олгодог. Үүнээс гадна оюутнуудад дадлага хийх, диплом бичих нөхцөл бүрдүүлж, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэдэг.
Байгаль орчны нөхөн сэргээлтийн үндсэн үйл ажиллагааны нэг нь хөрс бэлтгэх явц. Нөхөн сэргээх талбайн хөрсийг хэрхэн бэлтгэдэг вэ?
Хайгуулын үе шатанд газрын хөрс хөндөгдөх нь харьцангуй бага байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш үйл ажиллагаа маш эрчимтэй өрнөж, үүнийгээ дагаад газар хөндөх нь эрчимжсэн. Гэхдээ “Оюутолгой” компанийн хувьд газар хөндөх зөвшөөрлийг Байгаль орчны хэлтэс өгдөг. Тухайн хөндөх гэж байгаа газарт ямар ховор ургамал байна, хэдий хэмжээний шимт хөрс байгаа юм, усны чанарт нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг энэ хэлтэст урьдчилан судалсан байдаг. Үүндээ үндэслээд дүгнэлт өгч, тэр газрыг ашиглах зөвшөөрөл олгодог. Энэ нь эргээд газрыг үр бүтээлтэй ашиглах, бага зайд их ажил амжуулах боломжтой болно.
Газар ашиглах гэж байгаа нэгж маань шимт, шимэрхэг хөрсөө тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Уг хөрсийг хадгалах явцад шимт чанараа алдаж байна уу, хэдэн хувь муудаж байна вэ гэдэгт чанарын хяналт тогтмол хийдэг. Өнөөдрийн байдлаар манай уурхайд 12 овоолго хадгалж байна. Үүнд хөрсний шинж чанарын судалгаа хийж, бүрэн дууссан.