Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ураны үнэ ханш өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрлээ


Ч.Сансар


Дэлхийн ураны томоохон үйлдвэрлэгч Казахстаны Казатомпром компани ойрын хоёр жилд төлөвлөсөн хэмжээнд ураны баяжмал  үйлдвэрлэх боломж хомс байгааг анхааруулсаны дараа ураны үнэ өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээндээ хүрлээ.

Хүхрийн хүчлийн хомсдол, уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлууд хоцорч байгаа зэрэг хүчин зүйлүүд ураны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд энэ байдал нь 2025 он хүртэл үргэлжлэх магадлалтай гэж тус компанийн удирдлага мэдэгдлээ. Үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ирэх  сарын 1 гэхэд тодорхой мэдээлэх болно гэж компани нэмж тодрууллаа.

Хүхрийн хүчил нь хямд бөгөөд үр ашиг өндөр байдаг тул үйлдвэрлэгчид хүдрээс уран гаргаж авахдаа ихэвчлэн хүхрийн хүчлийг ашигладаг. 

Хэрэв хүхрийн хүчлийн нийлүүлэлт 2024 онд үргэлжлэн тасалдах бол төлөвлөсөн барилгын ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрэх  бөгөөд улмаар дараа жилийн төлөвлөгөөнд тасалдал үүснэ  гэж Казатомпром тэмдэглэв.

2023 онд ураны спот үнэ хоёр дахин нэмэгдэж, нэг фунт нь 97.45 ам.долларт хүрчээ. Энэ нь 2007 онд хүрсэн гурван оронтой тооноос доогуур хэвээр байна.

АНУ, Япон, Канад, Их Британи, Франц зэрэг 24 улс Дубайд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын XXVIII бага хурлын (COP28) үеэр 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгөх үед үнэ ийнхүү өссөн байна.

Хятад улс нь   дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд энэ арван жилийн эцэс гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа бараг хоёр дахин нэмэгдүүлж, 100 Гв болгохоор төлөвлөж байна. Дэлхий даяар баригдаж буй цөмийн  58 үйлдвэрээс 22 нь Хятад улсад байдаг.

АНУ-ын саяхан баталсан хууль ураны үнэ ханшид мөн нөлөөлж болзошгүй. Одоогийн байдлаар АНУ  ураны хэрэгцээний 1/5-аас илүү хувийг Оросоос худалдаж авдаг. Тиймээс Оросын хараат байдлаа бууруулахын тулд Конгресс 12 дугаар сард АНУ-ын цөмийн түлшний зарим хэсгийг дотоодоос худалдаж авахыг шаардан хуулийн төслийг баталсан юм.

Bank of America болон Berenberg Bank   судалгааны тайландаа ураны зах зээл дэх тогтворгүй байдлын улмаас ойрын өдрүүдэд ураны үнэ 100 ам.доллараас давж болзошгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: mining.com