Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ТӨВ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН ГАДААДЫН БАНКНЫ САЛБАРЫГ ДЭМЖИНЭ

А.Халиун

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, батлуулдаг. Мөнгөний бодлогын чиглэлээр ирэх онд төрөөс баримтлах бодлогод Төв банк үндсэн гурван асуудлыг онцолж, баримтлах бодлогоо тодорхойлсон ба үүний нэг нь “Гадаадын банкны бие даасан салбар нэгжийг Монголын банк, санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангах” талаар тусгажээ.

УИХ-аар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сард баталж, гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөх болсон. Энэ хуулийн төслийг анх 2016 онд УИХ[1]ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэсэн нэртэйгээр өргөн мэдүүлсэн ч дотоодын банк, санхүүгийн салбарт халгаатай гэх үндэслэл, дотоодын банкуудын лобби хүчтэй явсанаас унасан гэж хардах нь бий. Гэхдээ арваад жил яригдаж, энэ жил батлагдах хүртэлх хугацаанд төсөлд олон өөрчлөлт оржээ.

Монголд арилжааны банк байгуулбал дүрмийн сангийн доод хэмжээ 100 тэрбум төгрөг буюу 30 гаруй сая ам.доллар байх шалгуур тавьдаг. Өмнөх төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын банк Монголд салбараа байгуулах бол 30 сая ам.доллараа авчирч байршуулах шалгуур тавьсныг өөрчилж, гадаадын банкны салбар орж ирвэл Дүрмийн сан шаардахгүй байхаар хуульчлав. Харин санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх хөрөнгө төвлөрүүлж, арилжааны зээл гаргах боломж олгож байна.

Энэ нь гадныханд найр тавьсан хэрэг биш олон улсын банк санхүүгийн системд байдаг стандарт зохицуулалт аж. Тухайн улсын хянан шалгах байгууллага болох “home host” буюу гэрийн эзэн хяналт шалгалтаа хийнэ. Манай улсын хувьд зочин хянан шалгагчийн статустай байх аж. Гадаадын банкны салбарыг Монгол Улсад байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, холбогдох журмын шалгуурыг хөнгөвчилж, илүү уян хатан зохицуулалт хийх талаар хамтран ажиллахыг Засгийн газраас Монголбанкинд зөвлөжээ.

Тиймд Монголбанкнаас гадаадын хөрөнгө оруулалтын банкны салбаруудыг байгуулахыг дэмжиж, ирэх 2024 оны мөнгөний бодлогынхоо нэг зорилт болгон тусгажээ. Төв банкны удирдлагууд өнгөрсөн намар БНСУ-д ажиллахдаа тус улсын хоёр банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна.

Солонгосын хоёр дахь том банк болох Shinhan банкныхан Монгол Улсыг сонирхож буйгаа илэрхийлжээ. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлснээр Самсунг, Имарт, CU, GS-25 зэрэг Солонгосын хөрөнгө оруулалттай олон компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Ийм үед тус улсын банкны салбар нь зээлийн үйлчилгээ үзүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой байж болох юм.

Монголд өмнө нь гадаадын зургаан банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байсан бол тэднээс одоо БНХАУ-ын Bank of China, Industrial and Commercial Bank of China хоёр үлдэж, төлөөлөгчийн газраа ажиллуулж байна.

Англи, Голланд, Японы хоёр нийт 4 банк Ковидын үед ажиллахад хүндрэлтэй болсон учир үйл ажиллагаагаа зогсоосон.

Гадаадын хөрөнгө оруулалтын банк дотоод зах зээлд орж ирэх нь эерэг, сөрөг нөлөөллийн аль алиныг бий болгох ч алсдаа дотоодын банкны секторын үйл ажиллагаа сайжрах, үр ашиг нэмэгдэх сайн талтай. Гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нэр хүнд, валютын дотогшлох урсгал, валютын нөөц, төгрөгийн тогтвортой байдал зэрэг олон зүйлд эерэг нөлөөтэй гэж Төв банк үзэж байна.

Төрөлжсөн банк нь жижиг харилцагчдаас илүү томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч[1]дад шинэ боломж нээж өгдөг байна.

Гадны банкууд манай зах зээлд хэд хэдэн хэлбэрээр нэвтрэх боломжтой. Нэгдүгээрт, салбар болон төлөөлөгчийн газраа нээх замаар дээрх хуулийн дагуу төрөлжсөн банкны хөрөнгө оруулалт хийж болно. Мөн манай арилжааны банкуудын хувьцааг Хөрөнгийн биржээс худалдан авч, банк санхүүгийн салбарын тоглогч болох нь нээлттэй.

2023 оны жилийн эцсийн байдлаар системийн нөлөө бүхий дотоодын таван банк IPO гаргаж, 470 тэрбум төгрөг буюу таван шинэ банк байгуулах хэмжээний хөрөнгийг иргэдээс босгож чадлаа. Энэ нь манай улсын банкны салбар цар хүрээгээ тэлж, үйл ажиллагаа тогтворжих эерэг үзүүлэлтийн нэг мөн болохыг эдийн засагчид нотолж буй билээ.