Б.Ариунаа
Монголын уул уурхайн компаниуд хариуцлага дор нэгдсэн нэг кодтой болсон нь Кодекс. Эрдэс баялгийн салбарт Кодекс нэвтэрч хариуцлагатай уул уурхайн хамгийн чухал индекс боллоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хариуцлагатай уул уурхайн талаарх ач холбогдлыг хариуцлагатайгаар тодотгожээ.
Тэгвэл хариуцлагатай уул уурхай гэж юу вэ?
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, экспортын орлого мэдэгдэхүйц нэмэгдэн, улс орны эдийн засаг сууриараа тэлж байгаа ч байгаль орчны нөлөөллийг багасгах, орон нутгийн иргэдийн санаачилга, идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцолд хүрэх шаардлагатай байна. Уул уурхайг төлөвлөж эхлэхээс дуусах хүртэлх хариуцлагатай үйл ажиллагаа, олон талын цогц арга хэмжээг аж ахуйн нэгж, компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх ёстой гэсэн үндсэн томъёолол, зарчмыг Монголын уул уурхайн үндэсний ассоциациас (МУУҮА) гаргасан байна.
2018 он “Байгаль орчны нөө[1]цийн тогтвортой удирд[1]лагыг хангах байгаль орчны засаглал төсөл”-ийн хүрээнд “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-ыг боловсруулжээ.
2019 он Тус аргачлалд суурилсан “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын Кодекс”-ийг МУУҮА боловсруулсан байна. “Хариуцлагатай Уул уурхайн сайн дурын Кодекс“-т олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх зорилгоор зохион байгуулсан “Хариуцлагаар нэгдье” аянд салбарын тэргүүлэх 8 компани нэгдэж харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурснаар тус хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн.
2023 он Одоогийн байдлаар хариуцлагатай уул уурхайн Кодекст 37 компани нэгдээд байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий бүртгэлтэй 300 орчим аж ахуйн нэгж байдгаас 60 орчим компани тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээрээс сайн дурын үндсэн дээр кодекст хамрагдсан нь энэхүү 37 компани юм.
ISO БА КОДЕКС
Эрдэс баялгийн салбарт дэлхий нийтээрээ ISO стандартыг мөрдөж байхад яагаад кодексийг сонгох ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. ISO итгэмжлэл авахын тулд өндөр төлбөр төлж, Олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх ёстой. Тэгвэл хөл дээрээ дөнгөн данган тогтож ядан байгаа Монголын уул уурхайн компаниуд шууд энэ мөнгийг төлж, тэр стандартыг мөрдөх боломж хомс. Гэхдээ компани өсч томрох ёстой. Үйл ажиллагаа нь тогтворжиж, бизнесээ өргөжүүлэх, улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарт өрсөлдөхүйц томоохон компани болж төлөвших учиртай. Энэ бүхэнд кодекс угтвар нөхцөл нь болж улмаар давуу талыг бий болгож өгснөөрөө онцлогтой юм.
Хариуцлагатай уул уурхайн Кодекс 8 зарчим, хамрах 5 хүрээ, 29 шаардлагаас бүрдэх ба дээрх шаардлагуудыг үр дүнгийн менежментийн тогтолцооны Төлөвлө[1]Гүйцэтгэ-Шалга-Сайжруул гэсэн аргачлалаар хэрэгжүүлэх юм.
Хамрах 5 хүрээ, 8 зарчмыг сайн ажиглавал хариуцлагатай уул уурхай гэдэг ойлголт ганц компанийн асуудал бус тус салбарын бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг ойлгож болно.
“Энэ бүх хугацаанд нарийн төлөвлөсөн арга аргачлалын дагуу үйл ажиллагаа эрхэлж чадсан компани үр шимээ хүртэж, дэлхийн тавцанд өрсөлдөхүйц болж өргөжиж чадах бол гал унтраах байдлаар асуудалд хандаж ирсэн нь яваандаа системийн доголдолд орно” гэдгийг МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа Хариуцлагатай уул уурхайн бүсчилсэн өдөрлөгт оролцохдоо илтгэлдээ дурдаж байв.
ОРОЛЦОГЧ ТАЛУУД
Харин уул уурхайн салбарт гал унтраах байдлаар хандаж болдоггүй юм байна гэдгийг сүүлийн 20 орчим жилийн хугацаанд бид маш сайн мэдэрлээ. Орон нутагтай хамтрах гэдгийг тухайн сум, орон нутгийн удирдлага болох хоёр гуравхан хүнээр хязгаарлаж, зөвхөн мөнгөөр асуудлыг шийдэх нь эцэстээ дампууралд хөтөлдгийг ойлгож авав. Нэг үгээр бид хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүйгээс нь ялгаж, нэгдсэн ойлголтод хүрч чаддаггүй байлаа. Тэнд уул уурхайд ашигладаг тоног төхөөрөмж бүгд бий. Олборлолт явуулна, уул уурхайтай андуурмаар үйл ажиллагаа эрхэлнэ. Зөвхөн эрх мэдэл бүхий цөөн хэдэн даргын заавраар явцуу эрх ашгаа л хамгаална. Тухайн нутаг оронд үлдэх бүтээн байгуулалт хийх хүсэл сонирхол огт байхгүй. Иргэдийн амьжиргаанд төдий л анхаарал хандуулахгүй. Шулуухандаа юу ч хүлээгээд нэмэргүй. Тэдэнд мөрдлөгө болгох Кодекс байдаггүй.
Тэгвэл Кодексийн талаар өргөн мэдээлэлтэй болсноор хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайг ялгах хялбар болно. Хүмүүсийн хамгийн их сонирхдог, эсэргүүцдэг зүйл бол байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, олон нийтийн оролцоог сайжруулах нь уул уурхайн салбарын хөндөх асуудал байсаар ирсэн. Цаашид ч байх болов уу. Гэхдээ компани, иргэн хоёр нэг стандарт, нэг кодыг ашиглаад ирэхээр үл ойлголцол буурч үр дүнд нь талууд сэтгэл ханамжтай үлдэж болох нь.
Харин компани Кодекст хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ? Хамгийн наад зах нь уул уурхай эрхлэх зөвшөөрөл авахад Монгол Улсын нутагт дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөж буй 900 орчим хууль байдгаас уул уурхайн салбарт 100 орчмыг дагаж мөрдөх шаардлага гардаг. Хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын алинд нь хүч үзэхээс хамаараад зөвшөөрөл авах бичиг баримтын жагсаалт өөрчлөгддөг. Тэгвэл Кодекс энэ бүх шат дамжлагыг илүү мэргэжлийн түвшинд багасгаж өгдгөөрөө давуу талтай. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ. Олон хууль дүрэмтэй танилцах, судлах хугацаагаа хэмнэж, илүү ач холбогдолтой зүйлд зарцуулах боломжийг олгох юм. Цаашлаад компанийн сайн засаглал тогтоно.
ЭЦЭСТ НЬ...
Уул уурхай хөгжсөн барууны орнуудын давуу тал нь уурхайн аль ч салбарт ажиллах хүний нөөцийн оновчтой шийдэл. Тухайн уурхайд ажилд орсон хүн техникийн ажилтнаас эхлээд бүх л салбар нэгжид ажиллаж дадлага, туршлага сууж, менежерийн түвшинд очиход хэдийнэ бэлтгэгдсэн боловсон хүчин болсон байдаг байна. Системд ямар ч доголдол гарахгүй, мэдлэг чадвар дутахгүй. Үйл ажиллагаа тогтвортой үргэлжилнэ. Монголын уурхайнуудад дутагддаг энэ системийн доголдлыг арилгахад Кодексийн гүйцэтгэх үүрэг тун чухал. Чухамдаа компанийн сайн засаглалыг бэхжүүлснээр үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх боломжтой болох юм.
Түүнээс гадна орхигдуулж болохгүй бас нэг зүйл бол уул уурхай дагасан ханган нийлүүлэлтийн сүлжээ. Энэ сүлжээнд тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид хэрхэн оролцох нь тодорхой бус байлаа. Ний нуугүй хэлэхэд хэдхэн том сүлжээ компаниудын сүүдэрт дарагдан орон нутгийн жижиг бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй хоцрох асуудал гардаг. Аль ч сум, орон нутагт жижиг оёдлын цех ажиллаж, талхаа өөрсдөө барьж, төмс, хүнсний ногоогоо тарьж ургуулж, түүгээрээ нутгийн брэнд үүсгэн, хөгжүүлж чаддаг болсон. Зөвхөн компаниас хариуцлага нэхэх бус ханган нийлүүлэгчид өөрсдөө хариуцлагатай оролцоог бий болгоё. Тэгснээрээ уурхай хаагдахад үлдэх өв нь Таных байх боломжтой гэсэн зарчим үйлчлэх юм.
2023 оны уул уурхайн салбарт гарсан томоохон өөрчлөлтийг хариуцлагатай уул уурхайн Кодексоор тодорхойлж болох юм. Монголын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд орж, эрдэс баялгийн төрлөө нэмэх таатай дүр зураг ажиглагдаж эхэллээ. Зөвхөн нүүрс, зэсээр хязгаарлагдахгүй өнгөт метал, газрын ховор элемент, уран гээд эрдэс баялгийн салбарт өнгөлж буй бүхий л салбарт хайгуул, олборлолтын шинэ шинэ гэрээ, хэлцлүүд дуулдах болсон нь өөрийн эрхгүй сонирхол татна. Яг энэ цагт хариуцлагатай уул уурхайн Кодексийг Монголын хөрсөнд буулгаж эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж, сурталчлан таниулж олны сонорт хүргэж эхэлсэн нь цагаа олсон гэлтэй.
Кодексийг хэрэгжүүлснээр хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцэж ажиллах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, нэр хүнд өсөх, байгаль орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн харилцаа ба аюулгүй байдлын менежментийг сайжруулах, орон нутаг ба оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн итгэлийг олох зэрэг олон эерэг нөлөөллийг бий болгох үндсэн зорилго биелэх юм.