Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ӨДӨР 

2024 оны 1-р сарын 26

Улаанбаатар хот. Австралийн албан ёсны үндэсний өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг бөгөөд энэ баяр нь Австрали Улсын үндэстний олон янз байдлыг онцолсон баярын өдөр юм. Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, "Тунгаах, Хүндэтгэл. Тэмдэглэх.'" урианы дор цугларан тэмдэглэдэг бахархлын өдөр юм. 

Австралийн уугуул иргэд нь манай үзэсгэлэнт газар нутгийн уламжлалт эзэд бөгөөд Австралийн баялаг түүхийн салшгүй чухал хэсэг билээ. Энэхүү баярын өдрөөр Австрали үндэстний онцлог шинж чанарын чухал хэсэг болсон Абориген болон Торрес Стрейт арлын уугуул ард түмний түүх соёл, ололт амжилтыг хүн бүр бахархан тэмдэглэхийн зэрэгцээ шинээр иргэншил авч буй австраличуудыг онцлон тэмдэглэдэг уламжлалтай. 

Австралийн Элчин Сайдын Яамнаас манай улсын үндэсний өдрийг тохиолдуулан манай ойрын түнш байгууллагууд, Монголд амьдардаг австраличууд болон Австралид төгсөгчдөд оролцоотой Австралийн өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Австралийн үндэсний баярын өдөр нь Австрали хүн байхын утга учрыг тунгаах боломжийг бидэнд олгодог юм. Энэ өдрөөр бид өөрсдийн түүх соёлоо эргэн дурсаж, дэлхий дахинд буй австраличуудтай цуглаж, эх орондоо хүндэтгэл үзүүлдэг билээ. Орчин үеийн, хүртээмжтэй нийгэм бүтээхийн төлөө ард түмэн, соёл, газар нутгийнхаа гэх олон талт баялгийг бид онцлох нь зүйтэй,” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит онцоллоо. 

Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд Австрали Улс иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. 750 гаруй төгсөгчтэй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 30 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. Хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Австралийн компаниуд Монгол Улсад чанартай хөрөнгө оруулалт, ажлын байр, ур чадварын хөгжлийг бий болгож байгаад баяртай байдаг. Австрали, Монгол хоёр улс мөн жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Австралийн ЭСЯ-ны Олон нийтийн харилцаа, судалгааны ажилтан Б.Чинтүшигтэй холбогдоно уу. Цахим шуудан: Chintushig.Boldsukh@dfat.gov.au Утас: (+976) 9402-9003.