Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө /2024.01.25/ батлав.
Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ гэж тусгажээ. Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхлэх юм байна. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Харин агаарын хөлгийн тоог дөрвөөр нэмж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулах аж. Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөлөө.
Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулах, БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөх, Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулах талаар Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Авто замын салбарт, долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар ажиллах юм байна.