Ч.Сансар
Конго болон Монголын алтны уурхайнууд нарны хоёр станц суурилуулж, цэвэр эрчим хүчийг ашиглаж байна.
Канадын уул уурхайн Barrick Gold корпорацийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Марк Бристоугийн хэлснээр, 16 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүч хуримтлуулдаг системтэй хамтад нь ашиглалтад оруулсны дараа тус уурхайн нийт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт 81%-90% хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Нарны станцын барилгын ажил 2024 оны эхний улиралд эхэлж, 2025 онд ашиглалтад орно.
Мөн жилийн зургаан сарын хугацаанд алтны уурхайн цахилгааны хэрэгцээг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр хангах юм. Одоогоор алтны уурхайн эрчим хүчний хэрэгцээний ихэнх хэсгийг гурван усан цахилгаан станцаас хангадаг.
Barrick Gold корпорацийн мэдээлснээр Кибали алтны уурхай нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хойд хэсэгт, нийслэлээс зүүн тийш 220 км-ийн зайд байрладаг.
Канадын хөрөнгө оруулалттай Эрдэнэ Ресурс Девелопмент компани Монголын баруун өмнөд хэсэгт орших Баян Хөндийн алтны төсөлд зориулж Mongolian Mining Corporation-ын салбар MCS International компанитай эрчим хүч худалдан авах гэрээ байгууллаа.
Уг гэрээний дагуу MCS International компани 5МВт-ын хүчин чадалтай нарны станц, 3МВт-ын эрчим хүч хуримтлуулдаг систем, 14.5 МВт-ын дизель станцыг хосолсон цахилгаан станцыг холбогдох дэд бүтэцтэй хамт барьж, ажиллуулна.
Дизель түлшний өртгийг тооцохгүйгээр долоон жилийн хугацаанд гэрээний дагуу нийт 44 сая ам.долларын зардал гарах аж.
“MCS International компани тус гэрээний дагуу цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх боломжтой” гэж “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани мэдэгдлээ. Цахилгаан дамжуулах шугамаар цахилгаан авах нь хямд үнэтэй, дизель түлшний үнийн хэлбэлзлээс хамгаална гэж тус компани нэмж хэллээ.