Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Адани групп 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай зэсийн үйлдвэр барьж байна


Ч.Сансар

Тэрбумтан Гаутам Аданийн тэргүүлдэг  тус групп Энэтхэгийн Гужарат мужийн Мундра хотод дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрийг барьж байна. Энэхүү үйлдвэр нь Энэтхэгийг импортын хараат байдлаас ангижруулж, эрчим хүчний шилжилт хийхэд чухал үүрэг гүйцэтгэх аж.

1.2 тэрбум долларын өртөгтэй уг байгууламж нь 3 дугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа эхэлж, 2029 онд үйлдвэрийн хүчин чадал нь нэг сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Энэтхэг, Хятад болон бусад улсууд чулуужсан түлшнээс татгалзахын тулд зэсийн үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж байна.
Цахилгаан автомашин, нарны хавтан, салхин сэнс, цэнэглэдэг батарей зэрэг эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой технологиудад  зэс ихээр хэрэглэдэг.

Зэс нь ган, хөнгөн цагааны дараа хамгийн их ашиглагддаг аж үйлдвэрийн метал юм. Сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан автомашины салбар хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан зэсийн эрэлт нэмэгдэж байна.
Энэтхэгийн одоогийн зэсийн үйлдвэрлэл энэхүү эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бөгөөд дотоодын нийлүүлэлт тасалдасны улмаас импортын зэсээс илүү хамааралтай болсон. Энэтхэгийн импорт сүүлийн таван жил тогтмол өссөөр ирсэн.

Дэлхийн хэмжээнд зэсийн үйлдвэрлэл газрын тосноос илүү төвлөрсөн байдаг. Дэлхийн тэргүүн хоёр үйлдвэрлэгч Чили, Перу  улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 38%-ийг эзэлдэг.

Эх сурвалж: NDTV.com