Ч.Сансар
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй Бээжинд уулзаж, хоёр улсын дипломат харилцааг нэг шатаар ахиулах шийдвэр гаргалаа. Хоёр улс өмнө байгуулсан иж бүрэн түншлэлийн харилцаагаа ахиулж, бүхий л нөхцөлд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ болголоо гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа /2024.01.24/ мэдээлэв.
Бүхий л нөхцөлд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрнэ гэдэг нь олон улсын болон дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран хоёр тал үргэлж найрсаг харилцаатай байна гэсэн үг. Хятад улс Беларусьтай ийм ижил төстэй түншлэлийн харилцаатай.
Хятад улс Узбекистантай хамтран Төв Азийн төмөр зам, цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Хятад улс Узбекистантай дипломат харилцаагаа албан ёсоор ахиулсаны дараа Хятад-Киргизстан-Узбекистан зэрэг гурван улсыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "аль болох хурдан" эхлүүлэхийг уриаллаа.
Энэхүү төсөл нь 1990-ээд оноос хойш яригдаж байгаа юм. Харин Орос-Украины дайны улмаас ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнд орсноор тээврийн компаниуд ОХУ-аар дамжуулан тээвэр хийхээс татгалзаж эхэлсэн. Ийм шинэ нөхцөлд Төв Азийн төмөр замын бүтээн байгуулалтын ач холбогдол нь улам өсөх аж.
Төв Азийн төмөр зам нь Хятад, Европын хооронд ачаа тээвэрлэх хугацааг багасгах боломжтой. Гэвч Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр замын төслийн санхүүжилт, техникийн асуудлууд, гурван улсыг дайран өнгөрөх маршрут тодорхойгүй хэвээр байна.
Мөн Төв Азиас Европ руу ачаа ямар замаар явах нь тодорхойгүй хэвээр байна; Каспийн тэнгис, Кавказын нуруугаар дамжих эсвэл Ойрхи Дорнодоор дамжин тээвэрлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters