Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс шинээр барьж буй нүүрсний станцаараа дэлхийд тэргүүлж байна


Ч.Сансар

Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч төдийгүй өнгөрсөн онд    нүүрсний станц олныг шинээр  барьж ашиглалтад оруулсан хэмээн шинэ тайланд дурджээ.

БНХАУ-ын нүүрсний шинэ станцууд нь салхи, нарны эрчим хүчний станцуудыг дэмжин ажиллах зорилготой гэж Бээжин хэлж байна.
Өнгөрсөн онд дэлхийд шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцуудын 96% нь Хятадад байгуулагдаж байна хэмээн Global Energy Monitor (GEM) байгууллагын 2 дугаар сарын 5-нд нийтэлсэн тоо баримтаас харж болно. Мөн шинээр ашиглалтад орсон станцуудын 70% нь Хятадынх гэж GEM мэдээллээ.

Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд нийт 191 гигаватт хүчин чадалтай нүүрсний станцуудыг барьсан нь 2019-2023 оны хооронд дэлхийн хэмжээнд хэрэгжсэн нүүрсний шинэ төслүүдийн 64%-ийг бүрдүүлсэн болохыг GEM мэдээллээ.

Хятад улс нүүрсний хэрэглээгээ зогсоохын оронд чулуужсан түлшний хэрэглээгээ эрчимтэй нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

"Хэдийгээр нүүрсний станцуудын хүчин чадал Хятадын эрчим хүчний системийн дөнгөж 40%-ийг бүрдүүлдэг ч 2023 онд нийт цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг нүрсний станцууд үйлдвэрлэсэн" гэж Техасын Хьюстоны их сургуулийн Эрчим хүч, инноваци хариуцсан дэд ерөнхийлөгч Раманан Кришнамоорти эрчим хүчний POWER сэтгүүлд ярьжээ.

2021 онд Хятадын удирдагч Ши Жиньпин ногоон болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрснээс хараат байдлыг бууруулна гэж амласан.
Олон улсын эрчим хүчний ассоциацийн мэдээлснээр 2021 онд Хятад улс цахилгаан автомашины зах зээлд ноёрхож, шинэ цахилгаан автомашины борлуулалт 82%-иар өсч, Хятадад үйлдвэрлэсэн 16.5 сая цахилгаан автомашин хэрэглээнд гарсан  байна.

2021-2022 оны хооронд Хятад улс эрчим хүчний хомсдолд орж, Бээжин нүүрсээр ажилладаг станцуудаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэн.
Хятад улс нүүрсээр ажилладаг станцуудаа үргэлжлүүлэн ашиглаж байгаа нь Бээжин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа биелүүлж чадахгүй байна гэх болгоомжлолыг төрүүлэв.

2023 оны 12 дугаар сард АНЭУ-ын Дубай хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр (COP 28) Хятадын цаг уурын асуудал эрхэлсэн элч асан Си Женхуа “Бээжин нүүрсний станцуудаа үе шаттайгаар зогсооход "техникийн саад бэрхшээлтэй" тулгарч байна” гэж хэлсэн.

"Сэргээгдэх эрчим хүчний станцуудын үйлдвэрлэсэн бодит эрчим хүч суурилагдсан хүчин чадалдаа хүрэхгүй байна. Бидэнд техникийн асуудлууд, их хэмжээний эрчим хүч хадгалах, ухаалаг сүлжээ, виртуал цахилгаан станц зэрэг хүндрэлүүд тулгарсаар байна. Хэрэв бид энэ бүх техникийн асуудлуудыг шийдэж чадвал Хятадын сэргээгдэх эрчим хүч улам хурдан хөгжих боломжтой." гэж Си Женхуа Дубайд хэлсэн.

Эх сурвалж: newsweek.com