Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Африкт анхны кобальт боловсруулах үйлдвэр байгуулахад нэг алхам ойртлоо

Ч.Сансар


2025 оны эцэс гэхэд Африкт кобальтын сульфат боловсруулах анхны үйлдвэр байгуулагдах төлөвтэй байна. Энэ нь лити-ион батарейны гол бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэх чадвартай, Хятадаас гадна цөөхөн үйлдвэрүүдийн нэг юм.

Нигерт төвтэй Africa Finance Corp санхүүгийн байгууллага нь (AFC) өнгөрсөн долоо хоногт Замби улсад барихаар төлөвлөж буй үйлдвэрт зориулж Kobaloni Energy компанид 100 сая ам.долларын санхүүжилт олгох Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

AFC нь хөрөнгө оруулах шийдвэрээ 3-4 сарын дотор гаргах ёстой гэж Гүйцэтгэх захирал Самила Зубайру 2 дугаар сарын 9-нд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл 18 сарын дотор үйлдвэрлэл эхлэх боломжтой гэж Kobaloni компанийн үүсгэн байгуулагч Жонни Веллоза мэдэгдлээ.

Хятад нь дэлхийн кобальт боловсруулах хүчин чадлын 75 орчим хувийг эзэлдэг. Тиймээс энэхүү төсөл нь дэлхийн батарей үйлдвэрлэх сүлжээг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм байна. Замби нь кобальтын гол үйлдвэрлэгч биш ч хойд хөрш Ардчилсан Конго улс уг металлын дэлхийн батлагдсан нөөцийн гуравны хоёрыг олборлодог.

Хоёр жилийн өмнө нэг тонн 80 гаруй мянган ам.доллар байсан ханш нь нийлүүлэлт ихэссэнээр Лондонгийн металлын бирж дээр 28 мянга орчим ам.доллар болтлоо унаж, уг металл руу хөрөнгө оруулах сонирхол улам буурсан байна.

Эх сурвалж: mining.com