Ч.Сансар
Өнгөрсөн жил хамгийн олон шинэ салхин станц барьж, тус салбарт хөрөнгө оруулалт сэргэсэн явдал нь Европын Холбоо (ЕХ) цэвэр эрчим хүчний зорилтоо биелүүлнэ гэсэн итгэл найдварыг төрүүлж байна гэж WindEurope өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ. WindEurope нь дэлхийн салхин эрчим хүчний зах зээлд үйл ажиллагаа явуулдаг оролцогчдыг нэгтгэсэн, Брюссель хотод төвтэй, 500 гаруй гишүүнтэй холбоо юм.
WindEurope жилийн тайландаа 2023 оныг Европын салхины эрчим хүчний салбарт "их хэмжээний ахиц гарсан" жил гэж тодорхойллоо. 2022 онд Орос Украины дайны улмаас инфляц, банкны хүү, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал зэрэг асуудалтай уг салбар тулгарсан.
Европын далайн салхины эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт 2022 оны 0.4 тэрбум еврогоос 2023 онд 30 тэрбум евро хүртэл өссөн байна. Мөн ЕХ-ны орнууд өнгөрсөн онд нийт 16.2 ГВ хүчин чадалтай салхин станцуудыг суурилуулсан ажээ.
Салхин эрчим хүчний төслийн зөвшөөрөл олгох ажлыг түргэсгэх ЕХ-ны бодлого нь тус салбарын хөгжлийг эрчимжүүлсэн гэж WindEurope тайландаа дурджээ.
Европын салхин эрчим хүчний компаниуд нийлүүлэлтийн доголдол, инфляци, тоног төхөөрөмжийн бэрхшээл зэрэг асуудлуудтай тулгарч хүнд үеийг туулсан. Харин Данийн турбин үйлдвэрлэгч Vestas 2023 оны IV улиралд ашигтай ажиллажээ.
Одоо Европ 2024-2030 оны хооронд жил бүр дунджаар 29 ГВт-ын хүчин чадалтай салхины станцуудыг суурилуулж, 2030 он гэхэд нийт 393 ГВт хүчин чадалтай болох төлөвтэй байна гэж WindEurope мэдэгдлээ.
Ингэснээр ЕХ-ны 2030 оны 425 ГВт-ын сэргээгдэх эрчим хүчний зорилтод тун ойртох юм байна.
ЕХ-ны гишүүн орнууд 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 42.5%-ийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтоо биелүүлж чадахгүй байх магадлалтай гэж өнгөрсөн жил ЕХ анхааруулж байсан.
Европын салхины эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд тулгарч буй хамгийн том эрсдэл бол цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлд хөрөнгө оруулалт удаашралтай хийгдэж байгаа гэж WindEurope мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters