Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Chevron газрын тос олборлолтоо Венесуэлд сэргээлээ

Каракасын эсрэг хориг арга хэмжээг чангатгах гэж байна гэсэн дохиог АНУ өгсөн ч Chevron компани Венесуэлийн газрын тосны гол орд дээр өрөмдлөгөө сэргээлээ.

Ориноко голын бүс дэх газрын тосны гол талбайн бэлтгэл ажил өнгөрсөн сард эхэлсэн гэж Bloomberg мэдээллээ. Уг талбайд шинээр 30 цооног өрөмдөх ажлыг гүйцэтгэнэ.

Шинэ цооног өрөмдсөнөөр ирэх жил гэхэд Chevron болон Венесуэлийн PDVSA компанийн байгуулсан хамтарсан бүх үйлдвэрүүдийн олборлолт 35%-иар нэмэгдэж, өдөрт 250 мянган баррельд хүрэх төлөвтэй байна.

Chevron, PDVSA компанийн хамтарсан үйлдвэрүүдийн олборлолт нь 2024 оны эцэс гэхэд өдөрт 65,000 баррелиар нэмэгдүүлэхийг төлөвлөж байна гэж өнгөрсөн оны 9-р сард Ройтерс агентлаг мэдээлж байсан. Тухайн үед хамтарсан үйлдвэрүүд өдөрт 135,000 баррель нефть олборлож байсан нь жилийн өмнөхөөс 70%-иар их байв.

Одоогоор Chevron бол Венесуэлд газрын тос олборлох, экспортлох тусгай зөвшөөрөлтэй барууны цорын ганц компани юм. Дэлхийд нийлүүлэлт багасч буй нөхцөлд цаашид нэмж олон зөвшөөрөл олгох боломжтой гэж Вашингтон мэдэгдлээ.

Гэвч өнгөрсөн оны 9-р сард Мадуро 12-р сард бүх нийтийн санал асуулга явуулсаны үндсэн дээр хөрш Гайана улсын Эссекибо мужийг Венесуэлд нэгдэхийг шаардсаны дараа байдал өөрчлөгдсөн. Хэрэв нөхцөл байдал хурцадвал Chevron Венесуэлд газрын тосны ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болно гэдгийг Rystad Energy судалгааны байгууллага анхаарууллаа.

Венесуэл улс нь дэлхийн хамгийн том түүхий нефтийн нөөцтэй орон боловч авлига, хөрөнгө оруулалтын хомсдол, төрийн өмчит PDVSA компанийн буруу менежментийн улмаас олборлолт буурсан. 2022 онд нэг өдрийн олборлолтын хэмжээ 700,000 баррель хүртэл буурч, сүүлийн 50 жилийн хамгийн доод түвшинд хүрэв. Өнгөрсөн оны сүүлээр Вашингтон Венесуэлийн эсрэг авсан зарим хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, Украины дайны улмаас үүссэн Оросын түүхий нефтийн хомсдолыг нөхөхийн тулд Chevron-д тус улсад ажиллах боломжийг олгосон юм.

 

Линк: https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Chevron-Returns-to-Venezuela-Oil-Field.html             

Огноо: 2024/03/07

Эх сурвалж: oilprice.com