Ч.Сансар
Хятадын нүүрсний импорт 2024 онд буурах төлөвтэй байна гэж аж үйлдвэр, төрийн өмчит нийтийн аж ахуй, худалдааны байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ.
Хятадын импорт бага зэрэг нэмэгдэх нь дэлхийн зах зээлийн үнэ ханшийг бууруулж, нийлүүлэлт илүүднэ гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй юм. Нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс цаашид экспортоо нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Шиамэнь хотод болсон Хятадын нүүрсний импортын олон улсын уулзалтын үеэр Guangdong Energy Group-ын Нүүрсний газрын дарга Ву Вэнбин энэ онд Хятадын нүүрсний импорт 450-500 сая тоннд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
2023 онд нүүрсний импорт 474.42 сая тонн болж дээд амжилт тогтоосон. Энэ нь импортыг 460-470 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байсан шинжээчдийг гайхашруулжээ.
Ройтерс агентлаг уг хурлын үеэр нүүрсний салбарын зургаан албан тушаалтнаас тодруулсан бөгөөд тэдний дөрөв нь 2024 онд импортын хэмжээ хэвийн хэмжээнээс буурна гэж мэдэгджээ.
2023 ОНД НҮҮРСНИЙ ИМПОРТ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ
Хятад улсын импорт дээд хэмжээнд хүрч, нүүрсний хоёр дахь том импортлогч Энэтхэг рүү нүүрсний тээвэр гэнэт өссөн нь нүүрсний зах зээлийг 2023 онд тэнцвэржүүлэхэд нөлөөлсөн. Энэтхэгийн импорт 2020 оны цар тахлаас хойш анх удаа 2024 онд буурах төлөвтэй байна.
Индонезийн нүүрсний олборлолт 8.4%-иар буурч, 710 саяд хүрнэ гэсэн таамаг байсан ч нүүрсний экспорт нь 2.1%-иар өсч, 528.72 сая тоннд хүрнэ гэж Индонезийн Нүүрсний ассоциацийн ажилтан Хендра Синадиа мэдэгдэв.
Энэ онд импорт буурна гэсэн таамаг байгаа хэдий ч Хятадын нүүрсний нийт хэрэглээ 2024 онд 4%-иар өсөх төлөвтэй байна.
Guangdong Energy Group-ын Ву дарга энэ онд Индонезээс Хятад руу тээвэрлэх нүүрсний хэмжээ 200 сая тонн хүртэл буурч, Австралийн нүүрсний импорт "хэвийн түвшинд" хүрч 80 сая тонн болно гэжээ.
Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч Хятад улс 2023 онд Индонезээс 222 сая тонн, Австралиас 62 сая тонн нүүрс импортолж, дээд амжилт тогтоосон гэж Kpler судалгааны байгууллага мэдээлэв.
Энэ онд импорт буурна гэсэн таамаг байгаа хэдий ч Хятадын нүүрсний нийт хэрэглээ 2024 онд 4%-иар өсөх төлөвтэй байна.
Хятадад нүүрс олборлох, угаах үйл ажиллагаанаас олсон ашиг 2023 онд 25.3%-иар буурч, 762.89 тэрбум юань (106 тэрбум ам.доллар) болжээ. Энэ нь дотоодын спот үнэ 25.5%-иар буурсантай нийцэж байна гэж Ву дарга хэллээ.
Харин 2024 онд Хятадын хойд боомтуудад 5500 ккал/кг нүүрсний дундаж үнэ нэг тонн нь 850-950 юань болж буурна гэж Ву таамаглаж байна. Өнгөрсөн онд үнэ нь дунджаар 970 юань байсан аж.
БНХАУ эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, үнийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд 600 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлж байна.
Эх сурвалж: Reuters