Ч.Сансар
Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг.
Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Нью-Йоркийн Comex бирж дээр 5 дугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс ханш өсч, нэг фунт нь 4.06 ам.доллар (тонн нь 8932 ам. доллар) болсон нь мягмар гарагийн хаалтын ханшаас 3.3%-иар өссөн байна.
Шанхайн фьючерс бирж дээр (SHFE) зэсийн үнэ сүүлийн хоёр жилийн дээд цэгт хүрч, нэг тонн нь 70,460 юань ($9,796) болсноор үнийн өсөлт эхэлсэн аж.
Хятадын хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүд лхагва гарагт Бээжинд хуралдаж, тодорхой тоо хэмжээ, цаг хугацаа заалгүйгээр алдагдалтай үйлдвэрлэлээ бууруулахаар тохиролцсон байна.
Зэсийн хомсдол үүссэн нь олборлосон зэсийн баяжмалын төлөөх ширүүн өрсөлдөөнийг бий болгож, хайлуулах үйлдвэрүүдийн орлого нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүртэл огцом буурчээ.
“Хятадаас гадна жил бүр 1.7 сая тонн зэс хайлуулах хүчин чадалтай шинэ үйлдвэрүүд энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад орох бөгөөд энэ нь дэлхийн баяжмалын нийлүүлэлтэд илүү их нөлөөлнө” гэж зэсийн зах зээлийн шинжээч Брайн Пэн хэлэв.
Энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэс хайлуулах илүү олон үйлдвэр сул зогссон нь Хятадын идэвхгүй байдлаас ихээхэн шалтгаалсан аж.
Гэсэн хэдий ч зэсийн үнэ өсөх нь гол хэрэглэгч болох Хятадын эрэлтийг улам бууруулж болзошгүй байгаа нь бэлэн нөөцөөс харагдаж байна.
Шанхайн фьючерс биржийн мэдээлснээр агуулах дахь зэсийн нөөц оны эхэнд 30,905 тонн байсан бол 3 дугаар сарын 8-ны байдлаар огцом өсч 239,245 тонн болжээ.
Эх сурвалж: mining.com