Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын уран үйлдвэрлэгчид орхигдсон уурхайгаа сэргээж байна

Ч.Сансар


Ураны эрэлт нэмэгдэж, хомсдол нүүрлэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд  ураны үнэ болон уран олборлолтын компаниудын хувьцааны ханш огцом өссөн. Хэдэн арван жилийн турш гадуурхагдсаны дараа дэлхийн эрчим хүч, цаг уурын хямралын улмаас цөмийн эрчим хүч дахин моодонд орж байна. Өнгөрсөн жил COP28 чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болсон. Уг уулзалт дээр анх удаа цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.

Харамсалтай нь ураны нийлүүлэлт эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Уул уурхайн судалгааны Crux Investor компанийн тайланд дурдсанаар, одоогоор дэлхийд 60 орчим цөмийн реактор баригдаж байгаа. Эдгээр үйлдвэрүүд  ашиглалтад орохоор жилд нийт 30 сая фунт ураны хэрэгцээ гарна. Энэхүү нөхцөл байдлын улмаас АНУ болон америкийн холбоотнууд арав гаруй жилийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон ураны уурхайг сэргээх шаардлага тулгарч байна. АНУ-ын таван үйлдвэрлэгч Техас, Аризона, Вайоминг, Юта мужид орхигдсон уурхайг дахин эхлүүлж ажиллуулах гэж байна.

Ураны спот үнэ сүүлийн 12 сарын хугацаанд 96.8%-иар өсч, 81.32 доллар/фунт болж, уран боловсруулах үйлдвэрүүдийн хувьцаа болон биржийн арилжааны сангуудын (ETFs) үнэ цэнийг дээд түвшинд хүргэсэн: Канадын Cameco корпорацийн хувьцаа сүүлийн 52 долоо хоногт 56.1%-иар өссөн; Колорадо мужид бүртгэлтэй Ur-Energy Inc-ийн хувьцаа 41.7%, Техас мужийн Uranium Energy, Австралийн Paladin Energy болон Boss Energy компаниудын хувьцаа тус тус 93.8%, 84.7%, 105.6% өссөн. Колорадо мужид төвтэй Energy Fuels Inc компанийн хувьцаа 4.7% өссөн.


Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах 
2011 онд Японы Фүкүшима цөмийн станцын ослын дараа ураны үнэ огцом унаж Америкийн ихэнх уурхайнууд ажиллахаа больсон. Харин одоо дэлхийн улс орнууд уур амьсгалын зорилтуудаа биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүчээ хөгжүүлэхийг хүсэж байна. Тиймээс ураны үнэ өсч, нэгэн цагт ашиггүй байсан ураны олборлолт гэнэт сэргэлээ. “Cameco” компани болон Казахстаны төрийн өмчит “Казатомпром” компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа гэдгээ анхаарууллаа. Энэ хоёр компани дэлхийн ураны нийлүүлэлтийн тал хувийг бүрдүүлдэг.

Uranium Energy-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Скотт Мелби "Japan Times" сонинд "Бид нийлүүлэлтийн хомсдолтой тулгарч байна. Эрэлт өсөж, шинэ реакторууд ашиглалтад орж байна" гэжээ. Мелбигийн хэлснээр, олборлолт, хайгуулын ажилд олон жил хөрөнгө дутуу оруулж байсны улмаас үйлдвэрлэл хурдацтай хөгжиж чадахгүй байна. Тэрбээр Техас, Вайоминг мужуудад 2018 онд зогсоосон уурхайнуудаа дахин нээхээр төлөвлөж байгаа гэдгээ нэмж хэллээ. Өнгөрсөн жил Energy Fuels компани Юта, Аризона, Колорадо мужуудад уурхайгаа дахин ажиллуулах төлөвлөгөөгөө гаргасан. Канад, Австралийн дунд хэмжээний компаниуд мөн уурхайнуудаа сэргээх төлөвлөгөөтэй байгаа.

Харамсалтай нь ашиглалтын хугацаа нь дуусч байгаа эдгээр жижиг уурхайнууд асуудлыг зөвхөн богино хугацаанд л шийдэж чадна. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр 2040 он гэхэд дэлхий нийт хэрэгцээгээ хангахын тулд жил бүр 100,000 гаруй тонн уран олборлох шаардлагатай болно. Энэ нь уран олборлох, боловсруулах одоогийн хүчин чадлаас бараг хоёр дахин их байна.

"Ураны салбарынхан жижиг уурхайг дахин ажиллуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна. Гэхдээ ийм удаан хугацаанд ашиглаагүй уурхайг дахин ажиллуулна гэдэг нь энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй" гэж Sprott Physical Uranium Trust компанийн менежер, Sprott Asset Management компанийн гүйцэтгэх захирал Жон Сиампаглиа “Japan Times” сонинд ярьжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын ураны уурхайнууд дахин нээгдэж байгаа гэдэг нь энэ салбар Америкт сэргэж байна гэсэн үг юм. Америкийн ураны салбар 1980 онд 44 сая фунт уран олборлож байсан бол 2019 онд  хамгийн доод түвшин буюу 174,000 фунт хүртэл унасан бөгөөд тус улс Канад, Австрали, Казахстан, Оросоос түүхий эдээ худалдан авдаг болсон. Харин одоо Украин-Оросын дайны улмаас АНУ болон түүний барууны холбоотнууд Оросын эрчим хүчний сүлжээнээс салахыг оролдож байгаа бөгөөд шинээр нийлүүлэлтийн сүлжээг байгуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Эх сурвалж: oilprice.com