Ц.Элбэгсайхан
Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал ердөө 1300 МВт хүрдэг. Хэрэгцээт эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг хөрш залгаа ОХУ, БНХАУ-аас худалдан авдаг.
Өнөөдөр, дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангаж чаддаггүй, эрчим хүчний хараат байдалд байгаа манай улс харин ирээдүйд дэлхийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах асар их эрмэлзэлтэй.
Өмнөө тавьсан өндөр амбиц нь биелэх магадлал жил ирэх тусам бүдгэрч байгаа ч дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага Монголд өгөөжөө өгөх нь гарцаагүй. Гагцхүү энэ боломжийг зэсийн борлуулалт л бүрдүүлж чадна.
Зэсийн үйлдвэрлэлээр тун удахгүй дэлхийд тэргүүлэх “Оюу толгой”-н гүний уурхай, тасралтгүй ажиллагаатай “Эрдэнэт” үйлдвэрийн экспортод гаргасан баяжмалын тоо хэмжээ нэмэгдсэн ч харамсалтай нь бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаснаас орлого хоёр жил дараалан бууралттай гарч байгаа нь чамлалттай. Ер нь ойрын ирээдүйд зэсийн ханш бага зэрэг уруудах дүр зураг бийг зах зээлийн шинжээчид хэлж буй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард дунджаар 9000 ам.доллар байсан ханш өнгөрсөн оны сүүлийн сард 8400 ам.доллар болж буураад байна. Гэхдээ 10 дугаар сард бүр 8000 ам.доллараас доош унасан үетэй харьцуулахад энэ нь нэлээд дорвитой сэргэлт юм. Гэвч энэ нь богино хугацааны л нөлөөлөл. Дунд хугацаанд ханш өсөх чиг хандлага ажиглагдаж байна. 2024 онд зэсийн ханш дунджаар 9000 ам.долларт хүрнэ гэж олонх шинжээч “зөгнөж” байна. Урт хугацаанд, илүү өндөр өсөлтийг хүлээж болохоор байгаа юм.
Хүлээлтийг бий болгож буй хэд хэдэн томоохон хүчин зүйл бий. Тэдгээр нь Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл, хотжилт. Далайд гарцгүй, дэд бүтцийн хүртээмж сул Монгол Улсад асар том давуу тал байгаа нь өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, дээрх гурван чиглэлд дэлхийд тэргүүлж явна.
Хятад нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, суурилагдсан хүчин чадал, борлуулалт, хөрөнгө оруулалт, технологи зэрэг олон үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгч улс болоод байна. Тус улсын 2021 онд баталсан “14 дүгээр Таван жилийн төлөвлөгөө”-дөө 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг “сэргээгдэхгүй” эрчим хүч буюу чулуужсан түлшнээс давуулах зорилтыг тавьсан. Тэгвэл 2023 онд нар, салхи, усан цахилгаан станцын үйлдвэрлэл нь нийт цахилгаан эрчим хүчний 50%-иас давж, зорилтдоо товлосон хугацаанаас өмнө хүрэх магадлал тун ойрхон байна.
Энэ нь дан ганц байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэлтэй холбоотой баримталж буй бодлого бус. Нөгөө талд асар хурдацтай хөгжиж байгаа цахилгаан автомашины хэрэглээг гүйцэхэд сэргээгдэх эрчим хүчний үүрэг асар их болоод байна. Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тус улс дэлхийд хошуучилж байна. 2022 онд Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл 7.058 сая, борлуулалт 6.887 саяд хүрч найман жил дараалан дэлхийд тэргүүлэв. Үүнийг дагаад цахилгаан машин цэнэглэх станцын үйлдвэрлэлийн салбар ч эрчимтэй хөгжиж байгаа юм.
Эцэст нь Хятадад хотжилт дэлхийн аль ч улс орноос илүү хурдацтай явагдаж байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадын хүн амын 66.2% нь хот суурин газар амьдарч байгаа бол 10 жилийн дараа энэ хувь хэмжээ 75-80%-д хүрнэ гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1 тэрбум хүний дэд бүтцийн хүртээмжийг шийдэх хэрэгцээ тус улсад бодитой тулгамдаж байна гэсэн үг. Гэхдээ тэдэнд асуудлуудыг шийдэх олон гаргалгаа, бас хэрэгжүүлж чадах хөрөнгө хүч хангалттай.
Товчхондоо бол, Хятадын шинэ хотуудын дэд бүтцийн бүтээн босголт, оршин суугчдынх нь автомашиныг цэнэглэх сүлжээ үүсгэх, машин үйлдвэрлэлд шаардагдах зэс болон бусад дагалдах үндсэн түүхий эдийг Монгол Улс нийлүүлэх сонирхолтой.
Энэ бол дэлхийн хөгжлийн чиг хандлага. Үүнээс гадна, монголчуудад мөн газар зүйн байршлаас үүдэн дэлхийд сэргээгдэх эрчим хүчний “нөлөө бүхий” улс болох, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Хятад, БНСУ, Японы зах зээлд нийлүүлэх далдхан хүсэл бий. Биелэх магадлал бүрхэг ч 20 гаруй жилийн турш мартагдаагүй, орхигдоогүй сэдэв. Аль нь ч байлаа гэсэн ойрын хугацаанд Монгол Улс зэсийн төслүүдээ хөдөлгөж, урагшлуулах, шинэ нөөцөө “задлах” ёстой.
Хэдийгээр эрэлт хэрэгцээ өсөх нь тодорхой байгаа ч нөгөө талд нийлүүлэлт ч бас өсөхөөр байна. “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Оюутолгой” ордыг амжилттай нээснээс хойш Африк, Америкт хэд хэдэн зэсийн томоохон орд илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, эрдсийн зах зээлд өрсөлдөөн ч бас ширүүсэх хандлагатай.
Одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дээрх хоёр том уурхай зэсийн үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн өрсөлдөөнийг тойрч гарахгүй нь тодорхой. Сүүлийн хоёр жил ил уурхайн хүдэр дэх агууламж буурснаас борлуулалтын орлого нь хүлээлтэд хүрэхгүй явж ирсэн “Оюу толгой”-н сүүлийн улирлын тайлан нааштай гарлаа.
“2023 оны IV улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны IV улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны II улиралтай харьцуулахад 26%-иар өссөн” хэмээн тайланд дурджээ.
Эдүгээ 46 дахь жилдээ ажиллаж байгаа “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, нэмэлт хөрөнгө оруулалт хийж байна. 2031 он гэхэд тус үйлдвэр баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Гэвч нөөц нь шавхагдаж байгаа Эрдэнэтийн овоо ордын хүдэр дэх агууламж ч бас буурсаар байна. Иймд үйлдвэр цаашид оршин тогтнох гол арга зам нь зэсийн баяжмалаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм хэмээн тооцоолж буй.
Үүнээс гадна дахин хоёр ордыг богино, дунд хугацаанд ашиглаж эхэлнэ. Түүний нэг нь Цагаансуварга, нөгөө нь Хармагтайн орд. Цагаансуваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг “Монголын Алт МАК” ХХК бие даан хэрэгжүүлж байна.
Харин Хармагтайн ордыг “Занаду Майнз” компани эзэмшдэг. Өмнө нь Роберт Фрийдланд хүртэл өрөм тавьж явсан уг ордыг Оюутолгойтой ижил хэмжээний нөөцтэй байх боломжтой гэж итгэж хүлээж байсан ч батлагдсан нөөц нь хавьгүй бага байгаа юм. Хармагтай ордыг 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж үздэг.
Одоогоор “Занаду Майнз” компани Хармагтай ордын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар эрмэлзэж байна.