Ч.Сансар
Монгол дахь Америкийн худалдааны танхим AmCham “Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр 3 дугаар сарын 19-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (AmCham) нь АНУ болон Монгол Улсын хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард, “Рио Тинто Монгол”-ын Бизнес хөгжил хариуцсан захирал Э.Хонгорзул, “Монголын үндэсний уул уурхайн холбоо”-ны Тэргүүн Г.Батцэнгэл, “Terra Explorers” ХХК-ийн захирал Ридван Карпуз нар оролцлоо.Тус хэлэлцүүлэгт уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад тулгардаг тодорхой асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг хэрхэн даван туулах стратегийн талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, аж ахуйн нэгж компаниудын үйл ажиллагааны үр дүнгийн талаар харилцан санал солилцлоо.
УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга:
Монголын эдийн засаг уул уурхайн салбараас маш их хамааралтай болсон. Геологи, хайгуулын үйл ажиллагааг идэвхтэй явуулснаар бид шинэ орд нээх, нөөц тогтоох, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Энэ ажлыг хувийн хэвшлийн компаниуд бүрэн хариуцаж, эрсдэлээ ч давхар үүрдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээс хойш хайгуулын 100 тусгай зөвшөөрлийн зөвхөн нэг нь л ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв сайн байгааг харуулж байна. Гэтэл дэлхийн зарим орнуудад хайгуулын 1000 тусгай зөвшөөрөл олгоход ашигт малтмалын 1 л орд газар илрүүлсэн байдаг.
Монгол улсын нийт газар нутгийн 76% ямар нэгэн тусгай хамгаалалтад багтсан байна. Бид хайгуулын зөвшөөрөл олгох процессоо эргэн харж хөнгөвчлөх хэрэгтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол аль ч талаараа Монголд ашигтай байх ёстой. Бид өмнө алдаа гаргаж байсан, одоо алдаагаа давтмааргүй байна. Хууль эрх зүйн хүрээнд хайгуулын ажилд орон нутгийн удирдлагуудын нөлөөлөх боломж маш багассан.
Хариуцлагатай уул уурхайн талаарх мэдлэг мэдээлэл олон нийтийн дунд нэмэгдэж, нэгдсэн ойлголттой боллоо. Хариуцлагатай уул уурхай нь уул уурхайн компаниуд орон нутгийн иргэд, байгаль орчинд хор хөнөөл багатай сүүлийн үеийн, дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай гэсэн үг.
“Рио Тинто Монгол”-ын Бизнес хөгжил хариуцсан захирал Э.Хонгорзул:
“Оюутолгой” төслийн гүний уурхай ажиллаад эхэлсэн. Олборлолт ч тууштай нэмэгдэж байна. 2029 он гэхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дээд цэгтээ хүрнэ. Бид уурхайн олборлолтоо логистик, эрчим хүч, усны хангамж зэрэг дэд бүтцийн ажлуудтай уялдуулж хөгжүүлэх цогц бодлого барьдаг.
“Монголын үндэсний уул уурхайн холбоо”-ны Тэргүүн Г.Батцэнгэл:
Монгол Улсаа сурталчилж, хөрөнгө оруулалт татах нь зөвхөн төрийн байгууллагуудын ажил биш. Хувийн хэвшил мөн идэвхтэй оролцох ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг Монголд татах нь амаргүй ажил. Тиймээс бид хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулах бодлогоо зөв боловсруулах ёстой. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалт татах тал дээр маш их өрсөлдөж байна. Бид уул уурхайн салбараа хөгжүүлж, улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх бодлого баримтална. Юуны түрүүнд орхигдоод байгаа геологи, хайгуулын ажлуудаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол уул уурхайн салбар цаашид хөгжих боломжгүй.
“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард:
Манай компанийн “Зөөвч овоо” уран олборлох төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, орон нутгийн удирдлагууд, иргэд олон нийт маш сайн дэмжиж байна. Бид эхний ээлжинд 500 сая долларын хөрөнгө оруулна. Дэлхийн стандартаас давсан илүү сайн нөхцөлийг санал болгож байгаа учраас Монголын талтай нэгдсэн ойлголтод хүрнэ гэж найдаж байна. Гэхдээ бидний яриа хэлэлцээр удааширч байна. Урт хугацаанд хэрэгжих төсөл учраас асуудалд нухацтай хандаж байна. Энэ онд бид гэрээ байгуулах боломжтой гэж харж байна. Манай ураны төсөл Монголд маш их үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. “Орано” групп дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлдэг төдийгүй тэр дундаа Казахстанд ураны төслүүдийг хэрэгжүүлдэг. Казахстанд ураны 17 уурхай ажиллаж байна. Тус улсын Засгийн газар, иргэд ураны төслүүдийн талаар маш сайн мэдлэгтэй болсон.
“Terra Explorers” ХХК-ийн захирал Ридван Карпуз:
Хэрвээ Монгол хөгжихийг хүсэж байгаа бол эрчим хүчний хангамжаа шийдэх хэрэгтэй. Монгол бол нүүрсний метан хийн арвин их нөөцтэй орон. Бид Засгийн газарт Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлтээ илгээсэн. Гэхдээ зохих зөвшөөрлүүдээ авах ажлууд их удаашралтай байна. Жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Бид Монголын Засгийн газартай гэрээгээ байгуулж чадвал төсөл эхлэхэд бэлэн байна.