Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Б.Бат-Эрдэнэ: Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш 

Байгаль орчны салбарын хууль эрхзүйн  зохицуулалт,  газрын хэвлий түүний ашиглалт, хамгаалалт, гүний болон гадаргын усны нөөц, хөрсний элэгдэл доройтол  түүнээс хэрхэн сэргийлэх талаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Байгаль орчны багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Ажлын хэсэг байгуулагдсан.  Энэ талаар тодруулна уу?
Байгаль экологи, хүрээ­лэн буй орчны  хамгийн сайн хамгаалалт бол    менеж­ментийн зохистой  хэрэгжилт.  Юуны түрүүнд  хууль, эрх зүйн орчны алдаа гажуудлыг засч сайжруулан  хэрэгжилтэд хяналт тавих талаар  тодорхой өөрчлөлт оруулна. Тодруулбал, хариуцлагатай уул уурхайг дэмжих нь зөвхөн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын асуудал биш. Байгаль орчны, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, экологийн тулгамдаж буй асуудалтай шууд хамааралтай. Тэгэхээр хууль эрхзүйн орчны уялдаа холбоог салбар тус бүрт  нийцүүлэх, сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Хууль дангаараа нэг салбарын эрх зүйн орчныг   хамгаалсан мэт харагддаг байсныг халж, харилцан уялдаатай  эрхзүйн орчныг  хангана. 

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхэлснээс  хойш энэ чиглэл рүү бодлогын түвшинд нэлээд өөрчлөлт орсон. Байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын явцад уул уурхайн салбарынхантай хамтарсан Ажлын хэсэг шинээр байгуулсан. 

Нөгөө талдаа БОАЖЯ нь байгаль орчны хамгаалал, менежментийг зүй зохистой явуулж,  хариуцлага   тооцох,  үнэлэлт дүгнэлт өгөх  зарчмаар ажиллах   чиглэл баримталж байна. 
Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэлж болно. Ерөнхий төлөвлөгөө гарган  нарийвчилсан үнэлгээ хийж, таван жилийн менежментийн төлөвлөгөө баталсан байхад жил бүр  менежментийн төлөвлөгөө гарган дахин батлуулдаг. Үүнийг дагаад төрийн үйлчилгээний давхардал үүсэх, хүнд суртал даамжрах нөхцөл бүрдэж байна. Нэгэнт таван жилээр баталсан бол жил бүр менжментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй.  Салбарын хэмжээнд  хяналт тавих, шалгах шинжээч, ерөнхий шинжээч  хангалттай ажиллаж байна.

Уурхайн ашиглалттай холбоотой үүсч буй байгаль орчны асуудлыг ярихаас гадна бэлчээрийн доройтол, цөлжилтийн асуудал анхаарал татаж байна? 
“Mining Week 2023” уул уурхайн цогц арга хэмжээний үеэр бид бодлогоо нэгэнт танилцуулсан.  Гадаргын   усыг уул уурхайд хяналтгүй ашиглаж байна гэж үздэг. Гэтэл   судлаачдын хийсэн тооцооллоор хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт  харьцангуй  их хэмжээний усыг ашиглаж байна хэмээн удаа дараагийн тайланд дурдсан.  Уул уурхайн салбар хөрс хуулж олборлолт явуулж, гол мөрний урсацыг өөрчлөн     байгаль орчныг сүйтгэж байна хэмээн дүгнэдэг.  Байдал эсрэгээрээ нутаг усандаа амьдарч байгаа иргэд ч өөрсдөө талхлалт үүсгэж байна. Наад захын  жишээ бол тал, хөндийгөөр  дүүрэн олон салаа зам үүсгээд байна. Нийлбэрээр аваад үзвэл нэг суманд ажиллаж байгаа уурхайгаас илүү их хэмжээний хохирлыг нутгийн иргэд өөрсдөө үзүүлж байна. Энэ асуудлаар БОАЖЯ-наас бодлогын хувьд маш олон ажлыг эхлүүлсэн. 

Цөлжилтийн эсрэг  олон улсын конвенцын талуудын Бага хурлыг 2026 онд Монгол Улсад хөрсний доройтлын асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж, урьдчилсан ажлууд эхэлсэн. Нийт газар нутгийн 76,9% цөлжилтөд нэрвэгдсэн. Үүнийг нэн хүчтэй, хүчтэй, сул, ногоон бүс гэдгээр нь ангиллаа. Малчдад хөрсний доройтол бэлчээрийн талхлалтаас хэрхэн сэргийлэх, усны гачигдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг сэдвээр байгаль орчны   сургалт явуулж,  нэгдсэн ойлголтод хүрэх  ажлыг БОАЖЯ, нутгийн иргэдийн хамтарсан “Байгальд ээлтэй малчин” хөтөлбөрөөр дамжуулан  хэрэгжүүлж байна. 

Монголчууд  бид хөгжиж байна. Ухамсар, хувь хүний төлөвшлийн хувьд ч   маш өөр ойлголттой болсон. Өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад  эсэргүүцэл үзүүлэхээс илүүтэй  байгаль маань эргээд  сэргэх үү, онгон дагшин хэвээр үлдэж чадах уу, үр өгөөж, ажлын байр нь нутгийн иргэдэд хэрхэн тусах вэ,  уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас үүдэн  жил болгон малын тоо толгой  хорогдож  байна, цаашдаа бид төрсөн газар орондоо хэрхэн амьдрах вэ, магадгүй танай уурхай 10 жил болоод хаагдана, харин манай үр удам 100 жил энэ нутагтаа  амьдарна гэх мэт эерэг байр суурь, хандлага ажиглагдаж байна. Уул уурхайтай  холбоотой асуудлыг олон нийтээр маш сайн хэлэлцдэг, ярилцдаг болжээ. Тэгэхээр  хариуцлагатай уул уурхайн бодлого  “хөрсөн дээр”-ээ маш зөв  хүрэх ёстой. 

Mining Week 2023 чуулган дээр  тавьсан Таны илтгэлийг сонсч байхад говийн бүсэд гадаргын усны нөөцийг хуримтлуулах, түүнийгээ ашиглах талаар  дурдаж байсан. Төсөл, хөтөлбөрүүд бодитой хэрэгжвэл  говийн бүсийн усны асуудлыг шийдэж чадах уу? 
“Хөх морь” төсөл их удаан яригдаж байна. Тодорхой улстөрчдөөс болж зогссон. Мэдээж газар орон нутгаа хамгаалах гэсэн иргэдийн үзэл санааг буруугаар ашигласан зүйл болж өнгөрсөн. Олон улсын хил орчмын усны хэлэлцээртэй холбоотой асуудал хөндөгддөг. ЮНЕСКО-гийн хэрэгжүүлж буй  Хүн ба шим мандлын нөөц хөтөлбөрийн хүрээнд    хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн.   ОХУ, БНХАУ-тай хамтарсан байдлаар хийж тайлан мэдээлэл  гаргасан. Эндээс харахад нэгдүгээрт, санхүүжилт, хөрөнгө мөнгө гэхээсээ илүүтэй Хил орчмын усны хэлэлцээрийг амжилттай байгуулах ёстой. Яагаад бид Төв Азийн цээж өндөрлөг газар байрладаг атал нар, салхи,  усны эрчим хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байна вэ. Мэдээж нар, салхины эрчим хүч бол хэн нэгний харъяалал хамааралтай биш, харин ус бол дэлхийн судсаар  холбогдсон зүйл. Чандмань эрдэнэ. Тэгэхээр бид яалт ч үгүй усны тухай ярихдаа хил дагуух усны асуудлыг давхар хөнддөг. Бас олон улсын өмнө дагаж мөрддөг конвенцид нэгдсэн. Цаашдаа “Хөх морь” төсөл, “Орхон говь”, “Хэрлэн говь” төслүүд хэрэгжиж байж өмнийн говь маань устай болох боломж бүрдэх юм. 

Өнөөдрийн байдлаар цэвдэг илрээгүй таван аймаг байдаг.   Сүхбаатар болон говийн 4 аймаг. Ингээд тооцохоор цэвдгээ хэрхэн алдахгүй байх вэ гэдэг асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байдалд орж байна. 

“Рио Тинто” болон “Оюутолгой” компанитай “Эрдэнэс Оюутолгой” компаниар  дамжуулан сонгон шалгаруулалтыг зарлаад “Хэрлэн говь” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн. Анх 2014 онд ярьж эхэлсэн төсөл гацаанаас гарч байна.  Төслийн санхүүжилт 3 орчим сая ам.доллар байх юм. “Орхон говь” төслийн хувьд 2020 онд анх санаачлан ТЭЗҮ-д үндэслэн зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж, 2030 онд 30%-д хүргэх төлөвлөгөөтэй. Уул уурхайд ашиглаж байгаа тусгай зөвшөөрөлтэй  талбайтай хэрхэн уялдуулах вэ?  
Бид зөвхөн энэ цаг хугацаанд  амьдарч байгаа бус. Дараа дараагийнхаа үр удамдаа газраа өвлүүлэн үлдээх учиртай. Ирээдүйд уул уурхайгаас илүү орлого оруулах боломжтой зүйл бол тусгай хамгаалалттай газар нутаг. Өндөр барилга байшин, техник технологи ондоошил биш болсон. Ондоошил хаана байна гэхээр онгон зэрлэг байгальд л бий. Тийм ч учраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2030 онд газар ашиглалтыг нэмэгдүүлж  30 %-д хүргэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 21%   буюу 33,8 сая га талбай хамрагддаг. Энэ бол өнөөгийн Польш улсын газар нутагтай тэнцэнэ гэсэн үг.  

Ингэснээрээ бид уул уурхайг эсэргүүцээд  байгаа биш. Яаж уул уурхайг хариуцлагатай хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг л хөндөх хэрэгтэй. Нөгөө талаар хариуцлагагүй үйл ажиллагааг яаж хязгаарлах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 


 
Эвдэрч сүйтгэгдэн орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх ажил нэлээд урагштай явж байгаа талаар БОАЖЯ-ны тайлан мэдээнд дурдсан байна. Дүйцүүлэн хамгаалах ажлын талаар тодорхой тайлбарлана уу?
2020-2024 оны Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ орхигдсон, эзэн холбогдогчгүй болсон  8000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ гэсэн зорилт тусгагдсан. 

Өнөөдрийн байдлаар БОАЖЯ-ны шугамаар  12353 га газрыг аль хэдийн нөхөн сэргээсэн. Өөрөөр хэлбэл 4350 га-гаар нөхөн сэргээх талбайн хэмжээг давуулсан гэсэн үг. Орхигдсон 8000, эзэн холбогдогч нь тодорхой 22000 га газар байна. Нийтдээ 30 орчим мянган га талбай гэж үздэг. 22 мянган га талбай бол хариуцах эзэнтэй.   1997-2012 онд  тухайн орон нутагт  үйл ажиллагаа явуулсан  эзэн холбогдогчдыг тогтоогоод хуулийн байгууллагад шилжүүллээ. Тэдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Газраа авдаг, ашигладаг, алтыг аваад авдрыг хаяхдаа хувиараа алт олборлогчдод үлдээдэг  башир аргатай байсан. Энэ хүмүүс л нөхөн сэргээх ёстой гэж хариуцлагаас  мултрах сонирхолтой.  Таны ашигласан газар, Та авсан, одоо Та өөрөө цэгцэл, сэргээ гэдэг байр суурийг хатуу баримтална. 

Уул уурхайн компаниудын байгаль орчны нөлөөллийг бууруулах тал дээр  ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ? 
Эрхзүйн орчин илүү тодорхой байх ёстой. Өнгөрсөн цаг хугацаанд байгаль орчныг сүйтгэдэг,  гол мөрнийг бохирдуулж байгаа үйлдэлд хариуцлага тооцдог эрхзүйн  зохицуулалт маш сул, огт хэрэгждэггүй   байсан гэж хэлж болно. Гагцхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Одоо бол хаана алдав, яагаад ийм үр дүнд хүрэв гэдгээ олж харах ёстой. “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байна” хэмээн  НҮБ-аас дуу нэгтэй мэдэгдсэн. Энэ агуулгын хүрээнд   хууль эрхзүйн орчин бүрдсэн, бие биенээ дэмждэг, уялдаа холбоотой ажилладаг хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага бий.  

Хууль эрхзүйн орчны шинэчлэлийн асуудлаар уул уурхайтай холбоотой олон талын байр суурийг талууд илэрхийлж байна. Иргэдийн нийтийн хурлаар ярилцаж, хэлэлцэж байж уул уурхай ашиглахтай холбоотой бүхий л асуудлыг хөнддөг эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байгаа. Гэтэл олон улсын бирж дээр IPO гаргаад хайгуул, олборлолтын чиглэлээр тухайн орон нутагт үр өгөөжөө өгөх төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллах сонирхолтой маш олон компани  бий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогсонги байдал руу орчихлоо. 

Тэгэхээр хариуцлагатай, хариуцлага­гүй,  стандарттай, стандартгүй гэдгийг маш сайн ялгаж салгаж ойлгох ёстой. 1990 оныг бодвол өнөөдөр ард иргэдийн дунд уул уурхайн талаарх ойлголт  нэмэгдсэн. Ашиглалтын хувьд ч цэгцэрсэн. Түүнийгээ дагаад техник технологийн дэвшлийг ч өргөнөөр ашиглаж байна.  Хууль эрхзүйн хүрээнд ч өөрчлөлт ажиглагдаж  байна. Тэгэхээр бид ард нийтээрээ уул уурхайгаас хэрхэн үр өгөөж  хүртэх системийг зөв зохистой бүрдүүлэхээс гадна стандарттай холбоотой олон улсын индексийн зарчмыг баримтлах тал дээр  голлон ажиллана.