Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын нарны эрчим хүчний салбарт Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна

 
Ч.Сансар


Хэрэв Америк нарны станцын эд ангийг өөрөө үйлдвэрлэж, Хятад болон Зүүн Өмнөд Азийн импортоос хамаарахгүй болохыг зорьж байгаа бол АНУ дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж, худалдааны хуулиудаа чангатгах шаардлагатай гэж Америкийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн (SEMA) эвслийн гаргасан шинэ тайланд дурдсан байна.

АНУ-д нарны эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа хэдий ч тус салбар импортын бараа бүтээгдэхүүнээс маш их хамааралтай байгаа гэж Guidehouse Insights тайландаа бичжээ. 

Нарны эрчим хүчний салбар дахь Хятадын ноёрхол нь Америкийн уур амьсгал, эрчим хүчний аюулгүй байдлын зорилтуудыг биелүүлэхэд эрсдэл учруулж байна гэж SEMA мэдэгдэв.

Хятадад төвтэй компаниуд одоо дэлхийн фотоволтайк хавтангийн 99%, полисиликон үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Эдгээр хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь нарны хавтангийн өртгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг юм гэж тайланд тэмдэглэжээ.

Нарны салбар дахь Хятадын өнөөгийн монополь байдлыг арилгах нь манай эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Бодлого боловсруулагчид нарны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг татах, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ашиглахыг урамшуулах нарийн стандарт тогтоох ёстой гэж тус эвсэл зөвлөж байна.

Худалдан авах ажиллагаанд "АНУ-ын засгийн газар цахилгаан худалдан авах гэрээ байгуулсан бүх нарны эрчим хүч үйлдвэрлэгчдээ АНУ-д үйлдвэрлэсэн, хамгийн өндөр стандарт бүхий нарны хавтанг ашиглахыг шаардах боломжтой" гэжээ.

SEMA эвслийн гүйцэтгэх захирал Майк Карр "АНУ-ын Засгийн газар Хятадын импортонд хэт их найдаж, хөрөнгө оруулалт, инновацийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж чадаагүй учир Америкийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Хэрэв бид цэвэр эрчим хүчтэй ирээдүйг хүсч байгаа бол Засгийн газар шаргуу ажиллаж, нарны эрчим хүчний аж үйлдвэрийг эх орондоо хөгжүүлэх гэсэн хүчин чармайлтанд манай өрсөлдөгчид саад учруулахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэжээ. 

Эх сурвалж: oilprice.com