Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нигери улс хөрөнгө оруулалт татахын тулд стратегийн томоохон өөрчлөлт хийж байна

Ч.Сансар


Ашигт малтмалыг зөвхөн дотооддоо боловсруулах төлөвлөгөөтэй компаниудад ашиглалтын лиценз олгоно гэж Нигери улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв.

Өнөө үед Африкийн улс орнууд ашигт малтмалын үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд тус шийдвэр нь Нигерийн түүхий эдээ экспортлох олон жилийн стратегид өөрчлөлт орж буйг  харуулж байна.

Нигери улс уул уурхайн тоног төхөөрөмжийн импортын татвараас чөлөөлөх, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг хялбар болгох, олсон ашгаа гадагш шилжүүлэхийг зөвшөөрөх, уурхайн аюулгүй байдлыг хангах, улмаар хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлнэ гэж Нигерийн Хатуу ашигт малтмалын хөгжлийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Сегун Томори мэдэгдэв.

"Хариуд нь бид хөрөнгө оруулагчдаас боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө, Нигерийн эдийн засагт оруулах хувь нэмрийг шаардана" гэж Томори хэллээ. 

Өнгөрсөн долоо хоногт Хатуу ашигт малтмалын хөгжлийн сайд Деле Алаке лиценз авах гэж буй компаниудад ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг эдийн засагт үр ашгаа өгөх болзлуудыг Засгийн газар тавина гэж мэдэгдэв.

Сайд Алаке Уганда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Сьерра Леон, Сомали, Өмнөд Судан, Ботсвана, Замби, Намиби зэрэг улсын уул уурхайн сайд нараас бүрдсэн Африкийн уул уурхайн стратегийн бүлгийг удирддаг. Африкийн бүх улс орнуудыг хамтран ажиллаж, уул уурхайн салбараас илүү их ашиг хүртэхийн төлөө тус сайд зүтгэж байгаа аж.

Алдаатай бодлогын улмаас Африкийн эрчим хүчний тэргүүн үйлдвэрлэгч Нигери улс ашигт малтмалын асар их нөөцөөс олигтой ашиг олж чадахгүй байна. Уул уурхайн салбар нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүрэхгүй хувийг л бүрдүүлдэг.
Өнгөрсөн онд Нигери улс гол төлөв Хятад, Малайз руу 108 сая долларын үнэ бүхий цагаан тугалганы хүдэр, баяжмал экспортолсон гэж тус улсын статистикийн товчооноос мэдээллээ.

Нигерийн Засгийн газар олон лиценз олгох замаар энэ салбарт илүү их хөрөнгө оруулалт татахыг зорьж байна. Хөрөнгө оруулагчдад 75%-ийг санал болгосноор төрийн өмчит хатуу ашигт малтмалын корпорацийг байгуулж, хууль бус ашигт малтмал олборлогчидтой тэмцэх үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба байгуулжээ.

Мөн энэ салбарт ноёрхож буй бичил уурхайчдыг хоршооны гишүүн болгох замаар зохицуулахыг хичээж буй билээ.
Нигерт үйл ажиллагаа явуулдаг гадаадын уул уурхайн компаниудын тоонд алтны хайгуул хийдэг Канадад төвтэй Thor Explorations, дотоодын компанитай хамтран алт боловсруулдаг Хятадын Xiang Hui International Mining, African Natural Resources and Mines хэмээх Энэтхэгийн өмчит компани ордог аж. Энэ компани Нигерийн хойд хэсэгт 600 сая ам.долларын өртөг бүхий төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барьж байна.


Эх сурвалж: Reuters