Ч.Сансар
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотой 3 дугаар сард Хятад, Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдэж сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрлээ.
Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч ба импортлогч Хятад улс 3 дугаар сард 29.7 сая тонн эрчим хүчний нүүрсийг далайн тээврээр авсан гэж ашигт малтмалын шинжээч Kpler мэдээлэв.
Энэ нь 2 дугаар сард 23.03 сая тонн нүүрс импортолсонтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Оны эхний улиралд Хятадын эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 80.64 сая тоннд хүрсэн. Энэ нь 2023 оны мөн үед бүртгэгдсэн 68.82 сая тонноос 17.2%-иар өссөн үзүүлэлт юм.
Хятадын эрчим хүчний хэрэглээ энэ оны 1, 2 дугаар сард 2023 оны мөн үетэй харьцуулахад 11%-иар өссөн байна. Түүнчлэн 2023 онд эрчим хүчний үйлдвэрлэл 6.9%-иар өссөн аж.
Цахилгаан автомашины тоо нэмэгдэх, агааржуулагч, цахилгаан хэрэгслийн хэрэглээ өсөх, төмрийн хүдэр хайлуулах зэрэг үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагааг цахилгаанжуулах гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан Хятадын цахилгааны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.
Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт 5500 ккал/кг эрчим хүчний агууламжтай Австралийн нүүрсний үнэ 87.37 ам.доллар болж буурчээ. Энэ нь 3 дугаар сарын 1-нд бүртгэгдсэн 96.66 ам.долларын үнэ ханшаас доогуур үзүүлэлт юм.
2 дугаар сард Австралиас 3.45 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон бол 3 дугаар сарын импорт 5.08 сая тоннд хүрч, сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрсэн байна.
Энэтхэгтийн нүүрсний зах зээлд ижил үйл явц ажиглагдаж байна. Энэтхэгт эрчим хүчний эрэлт огцом өссөний улмаас нүүрсний импорт нэмэгдсэн. Kpler-ийн мэдээлснээр, нүүрсний импорт 2 дугаар сард 14.09 сая тонн, 2023 оны 3 дугаар сард 13.41 сая байсан бол энэ жилийн 3 дугаар сард 15.21 сая тонн болж өссөн байна.
Оны эхний улиралд 42.79 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 34.57 сая тонноос 23.8%-иар өссөн үзүүлэлт байна.
Харин Австрали бол Энэтхэгийн гол нийлүүлэгч биш. Хоёр улсын нүүрсний худалдааны дийлэнх хувийг гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрс эзэлдэг.
АНУ-аас Энэтхэг рүү экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэж байна. 3 дугаар сард 1.10 сая тонн нүүрс Энэтхэг рүү экспортолсон аж. 4 дүгээр сард 1.62 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байгаа бөгөөд хэрвээ энэ төлөвлөгөөгөө биелүүлж чадвал дээд амжилт тогтоох магадлалтай.
Үүнтэй зэрэгцэн Оросоос импортлох эрчим хүчний нүүрсний хэмжээ буурч байна. 3 дугаар сард Оросоос Энэтхэгт 730 мянган тонн нүүрс орж ирсэн нь 11 дүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм.
Индонез нь Энэтхэгийн хувьд далайгаар тээвэрлэдэг эрчим хүчний нүүрсний гол нийлүүлэгч болсон. Тээвэрлэсэн нүүрсний хэмжээ 3 дугаар сард 10.23 сая тонн хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: Reuters