Б.АРИУН
Трансвест Монголиа” ХХК Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер.
2009 онд байгуулагдсан цагаасаа өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн Засвар үйлчилгээний газрын дарга Д.Гал-Эрдэнэ Комацугийн “Алтан инженер” цомын эзэн болжээ. Дэлхийн аль ч улсад ажиллах боломжтой энэ цомыг одоогоор дэлхийн хэмжээнд 5 хүн эзэмшдэг бол Гал-Эрдэнэ 6 дахь инженер боллоо.
Анх дата хариуцсан шинжээчээр ажилд орж, өөрийгөө боловсруулан ахиж дэвшсээр ийнхүү “Gold application engineer” болжээ.
Түүнээс гадна “Трансвест Монголиа” ХХК уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ирээдүйн инженерүүдийг сургахад анхаарч ажилладаг бөгөөд энэ жил 20 гаруй оюутан элсүүлж инженерээр бэлтгэх, мэргэшүүлэхээр ажиллаж байна.
Юуны өмнө дэлхийн хэмжээний инженер болсонд баяр хүргэе. Ямар шалгуураар энэ цомыг авдаг вэ?
Баярлалаа. Эхлээд компанийнхаа зорилгыг танилцуулъя. Харилцагчдынхаа ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг өсгөхөд чиглэсэн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, баталгаат засвар үйлчилгээг санал болгохын зэрэгцээ хэрэглэгч нэг бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцэх өвөрмөц шийдлүүдийг нийлүүлэхэд онцгойлон анхаарч, салбартаа жишиг компани байхыг зорилт болгодог. Эндээс миний ажлын, бидний ажиллах арга барилын чиглэл маш тодорхой болж байгаа юм.
Комацу үйлдвэрээс нэлээд ач холбогдол өгч тодорхой үе шаттай сургалтууд явуулж, шалгалт авч байж тухайн шагналыг олгодог. Миний хувьд 2016 онд эхлэн суралцагчийн курс төгсөөд 2017, 2018 онд жил дараалан сургалтад сууж, 8 жил судалгааны ажил хийж, практикт нэвтрүүлж ажилласнаар энэ шагналын эзэн болсон.
Төсөл 2 чиглэлтэй. Уурхайд ажиллаж байгаа машин техникийг хэрхэн оновчтой ашиглаж уулын бүтээлийн ажил хийх, уулын бүтээлийн ажил гүйцэтгэхдээ ашиглалтын зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэгт төвлөрсөн. Үүн дээрээ үндэслэн уулын бүтээлийн судалгааны ажлаа хийдэг. Үйлдвэрийн сургалтад сууснаар техникийн мэдээллийн судалгааны инженерийн /application engineer/ сүлжээнд бүртгүүлж байна гэсэн үг.
Дараа нь судалгааны ажлуудаа хийгээд, тайлангаа бэлдээд сайжруулалтын төслүүд хийж гүйцэтгэдэг. Хийсэн ажлын тайлан мэдээлэлээ Комацугийн үйлдвэрийн инженерийн багт илгээгээд тэнд хянаж оноо өгдөг. Энэ оноо 100 хүрвэл хүрэл, 250 оноо авбал мөнгөн, 500 оноо хүрэхэд алтан сертификатын болзол хангаж шалгалтад орох эрхтэй болдог. 2018 онд 250 оноо авч шалгалт өгөөд мөнгөн сертификат, цом авсан. Үүнээс хойш 6 жилийн хугацаанд хийсэн тайлан төслөөрөө 500 оноо цуглуулж өнгөрсөн оны 12 дугаар сард шалгалт өгсөн.
Миний хийсэн төслүүд ямар амжилтад хүрсэн, хэрэглэгчдэд, компанидаа ямар давуу тал бий болгосон гэдгээ тайландаа дурдаж шалгалт өгөөд тэнцлээ. Саяхан техникийн мэдээлэл судалгааны инженерийн /Gold application engineer/ алтан цомоо хүлээж авсан.
Дэлхийн бүх оронд хүчинтэй Комацугийн хүлээн зөвшөөрөгдсөн “Gold application engineer” болсон. Алтан сертификатын шалгалтад тэнцсэн 5 хүн байдаг. Би 6 дахь нь болж байна. Өмнөх 5 инженерүүд Чили, Австрали, Япон улсад бий.
Нөгөө талдаа дэлхийн аль ч оронд Комацуг төлөөлж ажиллах боломж бүрдэж байгаа. Судалгааны ажил, тайлангууд бол Комацугаас өгч байгаа зөвлөмж гэсэн үг.
Судалгаа, тайлангийн ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
Нэг харилцагчаар жишээ авъя. Машины дундаж ачилтын менежментийг сайжруулах төсөл юм. Энэ төсөл 2019 оны шилдэг төсөл болж Дубайд танилцуулж байсан. Гол зорилго автосамосвалын ачилтыг яаж өсгөх вэ гэдэгт түлхүү анхаарсан. Зургаан сарын хугацаанд харилцагчтайгаа хамтран ажиллаж уулын бүтээлийн судалгаа хийгээд одоогийн нөхцөл байдлаа тодорхойлж үүндээ тулгуурлан цаашид хэрхэн хамтарч ажиллах, ямар ямар боломж байгааг нэгтгэн үе шаттай олон ажил гүйцэтгэсэн. Ингэснээр харилцагчийн уулын бүтээмж 15 орчим хувиар өссөн.
Байгаа тоног төхөөрөмж дээрээ тулгуурлаад 15 хувийн өсөлттэй байна гэдэг бол эдийн засгийн хувьд өндөр дүнтэй хэмнэлт бий болгож байгаа юм. Бага зардлаар их хэмжээний уулын ажлыг гүйцэтгэж үр ашигтай ажиллах зарчим л даа.
Задлаад харах юм бол тухайн машиныг хэрхэн сайн ажиллуулах вэ, яаж бэлэн байдалд байлгах вэ, эд ангийн сэргээн засварлалтыг оновчтой болгох, машины ашиглалтын судалгааны ажлыг ажилтны ур чадвартай холбох боломжтой зэрэг багтана.
Хэрэглээний статистикч мэргэжилтэй хүн хэрхэн инженер болов оо?
2011 онд МУИС-ийг хэрэглээний математикч, статистикчаар мэргэшиж төгссөн. Анх “Трансвест Монголиа” ХХК-д дата хариуцсан шинжээчээр ажилд орж байлаа. Үндсэн мэргэжилтэй илүү ойрхон. Эхлээд машинуудын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар анхаарч ажилласан. Энэ ажил дараагийн ажлын суурь механик, уулын бүтээлийн талын мэдлэгтэй болоход дэмжлэг болсон. Дата хариуцсан шинжээчээс техникийн мэдээлэл судалгааны инженер болсон. Одоо хийж байгаа Засвар үйлчилгээний газрын даргын ажил миний “Трансвест Монголиа” компанид орсноос хойших 6 дахь ажил. Өөр өөр чиглэлээр өөрийгөө сорьж ажиллаж байсан маань өнөөдрийн энэ сертификатийг авахад хүргэсэн юм болов уу.
Суурь тооцоолол хийсний ач холбогдол юу вэ? Одоогийн байдлаар ямар ямар компанид үйлчилгээ үзүүлээд байна.
Ер нь бол харилцагчийн зорилго бол бага зардлаар бүтээмжээ өсгөж зорилтот уулын бүтээлдээ хүрэх, ингэхдээ оновчтой техникийн хослолыг ашиглах юм. Компани болгон уулын ажлаа ийм техникээр гүйцэтгэнэ ээ гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Тэр зорилгодоо хүрэхгүй хүндрэл бэрхшээл тулгарна.
Тэр тохиолдолд бид хамтарч ажилладаг, суурь шалтгаануудыг олж илрүүлэн боломжит хувилбаруудыг тодорхойлдог. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хийснээр тухайн машинуудын бэлэн байдлыг үнэлж, үүндээ тулгуурлаад зорилтот уулын бүтээлийг хийж чадах уу гэдгийг том зургаар харахад нь тусалдаг.
Манай компани “Эрдэнэт үйлдвэр”- тэй хамтарч ажиллан уулын бүтээлийн бүрэн судалгаа хийсэн. “Хишиг Арвин” компанийн уулын ажлын судалгааг хийлээ. “Болд Төмөр Ерөө гол”-ын Баянголын уурхайд дундаж ачилтын менежментийг сайжруулах, автосамосволын цаг ашиглалтыг нэмэгдүүлэх гэсэн 2 төсөл гүйцэтгэсэн.
“Аpplication engineer”-ийн хийдэг нэг том ажил бол уурхайн тээврийн замын судалгаа. Тухайн тээврийн зам дээр ямар сайжруулалт хийх боломжтой байна, одоогийн нөхцөл байдал ямар байна гэдгийг судалж үзээд тохирох загварчлалыг гаргаж ирдэг.
“Болд Төмөр Ерөө гол” компанийн Баянголын уурхайд HD785 автосамосволын дундаж ачилтыг өсгөх судалгаа байна. Энэ ажлын хүрээнд уурхайн бүртгэл хяналтын багтай нягт хамтран ажиллаж үе шаттай арга хэмжээ авснаар дундаж ачилт 92 тонн болж өссөн. Энэ маань харилцагчдад худалдан авсан тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах, үр дүнгээ хүртэх боломжийг олгосон маш сайн төсөл байлаа. Төслийн дараагийн үе шатанд автосамосволын цаг ашиглалтын нэмэгдүүлэх судалгааны ажил хийж, суурь шалтгааныг олж илрүүлэн сайжруулалтын арга хэмжээ авсан. Зөвхөн хоёр жишээг л дурдлаа.
Ер нь манай компани машин тоног төхөөрөмжөө угсарч зарж борлуулахаас гадна нийлүүлэлтийн дараа тухайн машиныг хэрхэн ашиглалтын зардал багатайгаар өндөр бүтээмжтэй ажиллуулах вэ гэдэг сургалтыг байнга өгдөг. Энэ бол Комацугийн дэлхийн жишиг, брэндийн үнэ цэнэ.
Комацугийн хувьд бусад техникээс юугаараа давуу талтай вэ?
Нэлээд хэд бий. Урт хугацаанд өндөр бэлэн байдлын үзүүлэлттэй ажиллаж харилцагчдын сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагыг хангадаг. Түүнчлэн, уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлдгээрээ онцлогтой. Комацү машинууд маань Комтракс гээд сансрын хүлээн авах төхөөрөмжтэй нийлүүлэгддэг. Энэ системийг ашиглаад тухай машинаа түлшний зарцуулалт, мото цагийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, эвдрэлд хүргэж болохуйц алдааны код гарч байна уу, ажилтан хэдэн тонныг рейс тутамдаа ачиж байна зэрэг олон мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Засвар үйлчилгээний газрын хүчин чадал нэмэгдсэн үү?
Манай засвар үйлчилгээний газар нь 120 гаруй чадварлаг мэргэжилтнүүдээс бүрддэг. Дотроо сэргээн засварлалтын болон токарь гагнуурын цех, уурхайн засвар үйлчилгээ, техникийн хяналт судалгаа, төлөвлөлт болон засварын удирдлагын багуудад хуваагдаж ажилладаг. Австрали, Канад, Өмнөд Африкаас гадаад мэргэлжилтнүүд манай багт нэгдэж ажиллаж байна. Жилдээ 300 гаруй эд ангийн сэргээн засварлалт, 180 гаруй техникийн үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Сүүлийн үед нэлээд өндөр ач холбогдол өгч токарын цехдээ хөрөнгө оруулалт хийсэн. Монголд анх удаа лазер бүрээсийн машиныг нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчдаа харьцангуй бага зардлаар найдвартай засварын ажил хийлгэх шинэ боломжийг бий болгож байна. Түүнчлэн хөдөлгүүр болон хурдны хайрцагуудыг их засварт орсны дараа бүрэн хүчин чадлаар тест хийж шалгах тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.