Ч.Сансар
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарынхан зэсийн салбарыг хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалт хэмээн үзэж байсан. Дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил, ногоон эдийн засгийн шилжилт, зэсийн шинэ ордуудын нээх, хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх зэрэг хүндрэлтэй тулгарч буй энэ үед өндөр эрэлттэй байна гэж тэд таамаглаж байсан юм. Харин бодит байдал дээр эсргээрээ, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бусад ашигт малтмал зах зээлд ноёрхож, уул уурхайн компаниудад өндөр ашиг өгсөөр байна.
Одоо дэлхийд зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, зах зээлд өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн нь бизнесийнхний анхаарлыг дахин татаж эхэллээ. Өнгөрсөн жил Панам улс “First Quantum Minerals Ltd” компанийн эзэмшдэг томоохон зэсийн уурхайг хаах шийдвэр гаргаснаар дэлхийн зах зээл дээрх зэсийн нийлүүлэлт 400,000 орчим тонноор буурчээ. Мөн Anglo American Plc компани олборлолтоо 200 мянга орчим тонноор бууруулснаа зарлаж хөрөнгө оруулагчдыг гайхшруулсан.
Энэ нь эхний үед зах зээлд том нөлөө үзүүлсэнгүй.
Хятадад өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш анх удаа 3 дугаар сард үйлдвэрлэл өссөн бөгөөд Энэтхэгт ч мөн аж үйлдвэрийн салбарт хүчтэй өсөлт ажиглагдаж байна. Энэ нь зэсийн үнийг сүүлийн нэг жилийн хамгийн дээд түвшинд хүргэж, 2024 онд бараг 9%-иар нэмэгдэхэд нөлөөлсөн.
Хятадын эрэлтээс хамааран металын зах зээл ихэвчлэн зэрэг өсч, унадаг. Харин одоогийн байдлаар төмрийн хүдрийн үнэ болон нүүрсний үнэ аль аль нь буурах төлөвтэй байна.
Үр дүнд нь хөрөнгө оруулагчид дэлхийн томоохон, төрөлжсөн уул уурхайн компаниудыг сонирхохоо больж, зөвхөн зэс олборлодог компаниудад анхаарлаа хандуулж байна. Гол шалтгаан нь гэвэл эдгээр томоохон уул уурхайн компаниуд төмрийн хүдрээс ихэнх орлогоо олдог байсан.
Antofagasta Plc зэрэг зөвхөн зэс олборлодог компанийн хувьцаа энэ жил бараг 30%-иар өссөн бол Freeport-McMoRan Inc-ийнх 15%-иар өссөн байна. Үүний эсрэгээр BHP Group Ltd, Rio Tinto групп зэрэг томоохон уул уурхайн компаниудын хувьцаа 14 орчим хувиар унажээ.
Эх сурвалж: mining.com