Уул уурхайн томоохон компани “Rio Tinto” Арилжаа хариуцсан захирлаараа Б.Болдыг томиллоо. Тэрбээр тус компанийн Зэсийн группийн захирлаар ажилладаг. Б.Болд энэ оны эцсээр тэтгэвэртээ гарч буй "Rio Tinto"-гийн Альф Барриосыг орлохоор болжээ.
“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд нь энэ оны есдүгээр сарын нэгнээс Сингапур улс руу шилжиж, шинэ албан тушаалдаа орно. 2013 онд "Rio Tinto"-д нэгдэхийнхээ өмнө хөрөнгө оруулалтын банкир байсан Б.Болд нь ирээдүйд тус компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд горилох өндөр бололцоотой эрхмүүдийн нэг юм.
"Rio Tinto" зэс зэрэг гол түүхий эдүүдийн зах зээлд өсөлтөө эрчимжүүлэхийг зорьж буй энэ үед Б.Болд тус компанийн томоохон төслүүдийг хариуцан ажиллах бөгөөд тэдгээрийн дунд 6.2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн Гвинейн төмрийн хүдрийн нүсэр төсөл "Simandou" ч багтаж байгаа аж.