Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ чухал ашигт малтмалын салбарт Африктай хамтарна

 
Ч.Сансар

Йоханнесбург/Вашингтон, 4-р сарын 9 (Ройтерс) - АНУ критикал минералын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Африкын орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах ёстой гэж Вашингтонд төвтэй судалгааны байгууллага мэдэгдлээ.

"АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдал нь критикал минералын найдвартай нийлүүлэлтээс хамаарна, тэр дундаа Африкийн орнуудаас" гэж АНУ-ын Энх тайвны хүрээлэн (USIP- United States Institute of Peace)-гийн тайланд дурджээ. 
АНУ чухал ашигт малтмалын хувьд "гадаадын аж ахуйн нэгжүүд"-ээс бараг 100% хамааралтай. Хятадын экспортын хязгаарлалтад өртөхгүйн тулд өөрийн нийлүүлэлтийн эх үүсвэртэй байх ёстой гэж тус тайланд бичжээ.

Барууны уул уурхайн компаниуд Африкийн эрдэс баялгийг ашиглах энэхүү өрсөлдөөнд Хятадын компаниудаас хоцорч байна.
“Африкт Хятадтай өрсөлдөхийн тулд АНУ илүү идэвхтэй эдийн засгийн дипломат үйл ажиллагаа явуулж, Африкийн чухал ашигт малтмалын салбарт түншлэл байгуулах замаар ажиллах ёстой.” гэж 76 хуудастай тайланд дурдсан байна.

АНУ кобальтын нөөцөөр дэлхийд нэгдүгээр байранд ордог Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Африкийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч Замби зэрэг орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Ойрхи Дорнодын баян компаниуд уг өрсөлдөөнд оролцож эхэлснээр Африк дахь ашигт малтмалын төлөө өрсөлдөөн ширүүсч байна.
Барууны уул уурхайн компаниуд зам, найдвартай цахилгаан эрчим хүчний хангамж зэрэг дэд бүтэц байхгүйгээс Конго зэрэг Африкийн орнуудад хөрөнгө оруулахад хүндрэлтэй тулгардаг. Харин Хятадын уул уурхайн компаниуд эдгээр улсуудад нөлөөгөө улам бэхжүүлж, Африк тивд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

2 дугаар сард Олон Улсын Хөгжлийг Санхүүжүүлэх Корпораци Африк дахь төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээ зарласан. Энэ нь өндөр эрсдэлтэй гэж тооцогддог Конго зэрэг орнуудад хөрөнгө оруулах эрсдэлийг бууруулахыг зорьж байгаа юм.
Хүйтэн дайн дууссаны дараа 1990-ээд онд хаагдсан Лубумбаши хот дахь консулын газрыг дахин нээх нь Конго дахь Америкийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд тус болно гэж тайланд бичсэн байна.

Мөн Конго, Замби улстай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах нь чухал гэдгийг тайланд онцолжээ. Ингэснээр батарейны металл нийлүүлэх сүлжээнд хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнесүүд Африкт ажиллах чиг баримжаатай болно гэжээ.

АНУ мөн Төв Африкийн зэсийн бүсээс Анголын Лобито боомтоор дамжин өнгөрөх Лобито коридор хэмээх төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжсэн.

АНУ нь Африкт ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт, дипломат бодлогын хувьд Хятадаас нэлээд хоцорч байгаа учир арга барилаа өөрчлөхийг USIP тайландаа тэмдэглэжээ.

Тиймээс АНУ-ын Засгийн газар Африк дахь Хятадын нөлөө, нөөц бололцоо, уул уурхайн экологийн тогтолцоотой өрсөлдөж чадахгүй ч бүх талууд зэрэг хамтран хүчин чармайлт гаргаж байж л америкийн хөрөнгө оруулалтыг татна гэж USIP тайланд тэмдэглэлээ.

Эх сурвалж: Reuters