Ч.Сансар
Хятадын төрийн төлөвлөлтийн агентлаг 2027 он гэхэд эрчим хүчний нүүрсний үнэ болон нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор дотооддоо олборлосон нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоо байгуулах журмыг баасан гарагт эцэслэн баталжээ.
Энэхүү журмыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 12 дугаар сард анх санаачилж, боловсруулсан бөгөөд уг журманд 2030 он гэхэд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгын хүрээнд жилд 300 сая тонн нүүрс найдвартай олборлох хүчин чадалтай болох зорилт тавьсан. Энэхүү хүчин чадал нь өнгөрсөн оны нийт нүүрсний үйлдвэрлэлийн 6 орчим хувьтай тэнцэх юм байна.
2021 онд Хятад улс уурхайн, далайн боомт, цахилгаан станц болон бусад зориулалтын агуулахуудад жилийн олборлолтын 15%-тай тэнцэх нүүрсний нөөцтэй болох зорилт дэвшүүлж байсан.
Энэхүү шинэ системийн гол зорилго нь шаардлагатай үед тодорхой хэмжээний хүчин чадлыг нүүрс олборлоход бэлэн байлгахад оршиж байгаа юм.
Уг журам нь ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрс биш, цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг нүүрсний уурхайд үйлчилнэ.
Нүүрсний үнэ "боломжийн" түвшнээс давсан эсвэл нийлүүлэлт багассан гэж эрх баригчид үзвэл, нөөц бүрдүүлдэг уурхайнууд нүүрс олборлоход бэлэн байх ёстой. Мөн эдгээр уурхайнууд нүүрс худалдах дунд болон урт хугацааны гэрээ байгуулах үүргээс чөлөөлөгдсөн.
БНХАУ-ын Шаньси, ӨМӨЗО, Шэньси, Шинжаан зэрэг нүүрсний бүс нутагт оршдог, хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд сахидаг, орчин үеийн томоохон уурхайнуудыг нүүрсний нөөц бүрдүүлэх системд хамруулах тухай Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.
Хятад улс нь дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч орон бөгөөд өнгөрсөн онд 4.66 тэрбум тонн нүүрс олборлосон. Тус улс 2021 онд дотооддоо нүүрс, эрчим хүчний хомсдолд орсноос хойш эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж байгаа.
Энэ онд Хятадын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь 1%-иар өсөх хандлагатай байгаа тул нүүрсний үйлдвэрлэл энэ онд тогтворжих төлөвтэй гэж салбарын шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: mining.com