Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ын Гүйцэтгэх захирал Лиза МакДоналд, Канадын уул уурхайн ассоциацийн Бодлого, хөтөлбөр хариуцсан захирал Жэфф Килийн-тай МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлэх талаар тохиролцоонд хүрлээ.
Ирэх аравдугаар сард Монгол Улсад болох Mining week-2024 арга хэмжээний үеэр Канадын TSM (Towards Sustainable Mining) стандартыг хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгох аж. Энэ талаар МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
Б.Ариунаа
TSM стандартыг нэвтрүүлэхээр боллоо. Давуу талыг дурдана уу?
Канадын Уул уурхайн ассоциаци Тогтвортой уул уурхайн стандартыг санаачлан 2004 онд олон улсад анх нэвтрүүлсэн. Энэ нь ордын геологи хайгуулаас уурхайн хаалт хүртэлх бүхий л үйл ажиллагааг хариуцлагажуулах шалгуур үзүүлэлт гэж ойлгож болно. Энэхүү стандартыг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлснээр Монголын томоохон төслүүд ISO шаардлага хангасан олон улсын SG гэрчилгээ авахад ойртож байгаа юм.
TSM нь нийгэм, байгаль орчны үнэлгээний 34 үзүүлэлт бүхий 9 протоколыг тайлагнаж, мэргэшсэн хөндлөнгийн байгууллага үр дүнг гурван жил тутам хянан баталгаажуулдаг, дэлхийн 20 гаруй улсад хэрэгждэг шалгуур үзүүлэлт өндөртэй нэлээд томоохон стандарт. Үүнийг хангаснаараа эерэг сэтгэгдлийг хөрөнгө оруулагчдад өгч, тухайн компани байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд хүлээн зөвшөөрөгддөг гээд олон давуу талтай.
Ассоциацийн хувьд TSM стандартын албан ёсны эрхийг авахын тулд 7 шаардлага хангасан байх ёстой.
Энэ шаардлагыг намар болох Mining week 2024 арга хэмжээ хүртэл хангаж, биелүүлнэ. Манай улсын хувьд боломж бий. Бид өнгөрсөн хугацаанд кодексийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан дээрх шаардлагыг хангалттай биелүүлэх болов уу.
Манай улсын хувьд хариуцлагатай уул уурхайн кодексыг хэрэгжүүлж байгаа. Нэлээд олон компани ч хамрагдсан. TSM хэрэгжсэнээр кодексийн үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Кодекс, TSM стандарт зэрэг хэрэгжинэ. Олборлолт явуулж байгаа жижиг төслүүд маань кодексоо хэрэгжүүлнэ.
Бид Монголын хөрсөнд тохирсон хариуцлагатай уул уурхайн загварыг бий болгохыг зорьж кодексийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ хамгийн бага түвшинд буюу 29 шалгуур үзүүлэлтийг багтаасан. Энэ хугацаандаа оролцогч талуудад хариуцлагатай уул уурхайн талаар ойлголт өгөхийг нэлээд чухалчиллаа. Аль аль талдаа орон нутгийн иргэд, компанийн удирдлагууд ч “хариуцлагатай уул уурхайг дэмжинэ” гэдэг хандлагатай болсон. Хариуцлагатай уул уурхай гэж юуг хэлэх вэ гэдэг дээр кодекс нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ нэг жилийн ажлаа дүгнэж ассоциацийн Удирдах зөвлөл “Хүлээхгүйгээр өөрсдөө шийдэлд хүрье, илүү манлайллыг үзүүлье” гэсэн дүгнэлтэд хүрч TSM-ийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
TSM-ийн хувьд нэг улсад хэрэгжиж байгаа стандарт мэт боловч дэлхийн маш олон орон хүлээн зөвшөөрч, уг стандартыг хэрэгжүүлэхийг зорьж, хэрэв хэрэгжүүлж чадвал хөрөнгө оруулагчдад илүү итгэл төрүүлдэг, чухалчилж авч үздэг болсон. Монгол Улсын уул уурхайн стандартад олон улсын жишгийг нэвтрүүлэх, илүү боломжийг бий болгох давуу талтай.
Энд нэг зүйлийг тодруулахад, PDAC, IMARK хоёр хамтран ажиллаж байгаа шиг манай холбоодууд ч хамтран хариуцлагатай уул уурхайг хөгжүүлбэл илүү үр дүнтэй байна гэж ойлголоо. Энэ тал дээр бид ч нэлээд суралцах ёстой.
Энэ удаагийн PDAC арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагчид Монголыг ихэд сонирхож байна. Та бүхний зохион байгуулж буй ажлын үр дүн байх. Ямар чиглэлээр түлхүү сонирхож байна вэ?
Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад манай улс хоёр дахь жилдээ үзэсгэлэнгийн тусгай талбай бэлтгэн оролцож байна. Энэ жил албан ёсны хөтөлбөрт нь багтаж “Монголын өдөр”-ийг зохион байгууллаа.
Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа зүйл бол АМНАТ-ын хувьд ямар өөрчлөлт гарч байна. Хууль эрхзүйн ямар реформ хийсэн эсэх, түүнчлэн төрийн бодлого тогтвортой байгаа эсэхийг тодруулж асууж байна. Хөрөнгө оруулагчдыг нийгмийн лиценз аваад үйл ажиллагаа явуулахад Засгийн газар хэрхэн дэмжиж байна вэ гэдгийг Хөрөнгийн биржийнхэн илүү сонирхож байна.
Ер нь аль аль талдаа урьсан нь ч тэр, лиценз олгосон нь ч тэр эргээд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг, харин хөрөнгө оруулагчид ч хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, хамтран ажиллаж байж хөрөнгө оруулалтыг бодитой хүртэнэ. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд асуудлаа тодорхойлж, орон нутгийн удирдлагуудад зөв ойлголт өгөх, нутгийн иргэдтэй илүү ойртон ажиллахад нь кодексын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.