Ц.Элбэгсайхан
Монголыг зэсээр баян орон гэдэг. Гэхдээ баян гэдэг бол харьцангуй ойлголт юм. Харин “зэсээр баяжих орон” гэж хэлбэл асуудлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болно.
Өнөөдөр Монгол Улсад зэс-молибден болон зэс-алтны хоёр том ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна. Хэдийгээр ашигласан цаг хугацааны хувьд ихээхэн ялгаатай ч тэдгээр нь улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг татсан төслүүд юм. Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ (Тогтвортой байдлын гэрээ ч гэдэг) зурагдах үед ашигт малтмал, хайгуулын салбарт гадны хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, “Minegolia” хэмээн бичигдэж байлаа. Харин өнөөдөр экспортын орлогын гол хэсгийг нүүрснээс олж байгаагаас үзэхэд “Moncoalia” улс болжээ гэж хэлж болохоор. Буцаад “Minegolia” болоход хамгийн хялбар бөгөөд оновчтой сонголт нь зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх, түүнийг дагасан аж үйлдвэржилтийг хөгжүүлэх явдал мөн.
Оюу толгойн гүний уурхай
Ойрын хугацаанд сайн мэдээ гэвэл, Оюу толгойн хүдрийн агууламж нэмэгдэж, гүний уурхайн олборлолт жигдэрч байна. Монголчуудын 15 жил хүлээсэн гүний уурхай нээгдээд жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 86 хүдэр буулгуурыг тэсэлж ашиглах болжээ. Үүнтэй холбоотойгоор гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн хэмжээ өнгөрсөн оны сүүлийн улиралд 3.4 сая тн-д хүрч гүний уурхайн олборлолт эхэлж байсан үеэс 5 дахин өссөн байна. Гэхдээ, гүний уурхайн үйл ажиллагаа бүрэн жигдэртэл бас хэдэн жил шаардлагатай аж.
Эрдэнэтийн овоо
Тэгвэл ашиглалтынхаа сүүлийн шат руу орж буй Эрдэнэт үйлдвэр 45 жилийн ойн дээрээ буюу 2023 онд борлуулалтын орлого анх удаа 4 их наяд төгрөг давж, түүхэн амжилт тогтоожээ. Өнгөрсөн жил 37.3 сая тонн хүдэр баяжуулсан бол энэ онд 38 сая тоннд хүргэнэ гэж ам гарч буй.
Гэхдээ, хэдий том ч гэлээ, суурилагдсан хүчин чадал хязгаартай учир дээрх хоёр үйлдвэрийн хүчээр “Minegolia” болж чадах нь юу л бол. Баяжих хэмжээний орлого олохыг хүсэж л байгаа бол шинэ төслүүдээ ашиглаж эхлэх талаар дорвитой, бүр урьд өмнөхөөс ч хурдтай, шийдэмгий хөдөлж богино хугацаанд олон төслүүдээ зэрэг ашиглах хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй.
Цагаан суваргын орд
Цагаансуваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг “Монголын Алт МАК” ХХК бие даан хэрэгжүүлж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс 2025 онд багтаан ордыг ашиглаж эхэлнэ гэсэн хүлээлт үүсгээд буй. Ордыг 2040 он хүртэл ашиглаж, ашиглалтын хугацаанд жилд дунджаар 320 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй.
1.7 сая тонн зэсийн нөөцтэй хэмээн бүртгэгдсэн нь хэдийгээр Эрдэнэт, Оюу толгойтой харьцуулшгүй бага боловч улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө бага биш. Улсын төсөвт олон арван тэрбум төгрөгийн орлого оруулж, 150 орчим тогтмол ажлын байр бий болгохоос гадна, хамгийн чухал нь “Minegolia” болох бидний зорилгод чухал хурдасгуур нэмэх төсөл мөн.
Хармагтайн орд
Хамгийн “залуу найдвар” бол Хармагтайн орд. “Занаду Майнз” компанийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй тус ордыг Оюутолгойтой дүйцэх орд, магадгүй нөөцөөрөө Оюутолгойгоос ч том байж болох юм гэсэн том хүлээлт үүсгээд байсан ч батлагдсан нөөц нь хавьгүй бага байгаа юм.
Хармагтай ордыг 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж үзэж буй. Одоогоор “Занаду Майнз” компани нь Хармагтай ордын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийхээр зорьж байна. Энэ нь Хармагтай ордыг хамгаалж, үнэлгээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг нээх аж.
Шивээ Толгойн нуугдсан эрдэнэс
Хамгийн сонирхолтой нь эргээд л Оюу толгой нь “Minegolia”-д биднийг замчлах хамгийн том найдвар байх магадлал өндөр. Учир юу вэ гэвэл, Рио Тинто болон Монголын Засгийн газрын хамтран эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд үлдсэн багагүй нөөц бий. Тэдгээр нь Entrеe Gold Inc компанийн эзэмшлийн Lookout Hill буюу “Шивээ Толгой” бүлэг талбай. Энэ талбайд Хойд Хюго ордын нэгээхэн хэсэг болон мөн зэс-алт-молибдений Херуга орд багтана. Хойд Хюгогийн үргэлжлэл хойд орд нь 290 сая тонн хүдрийн нөөцтэй. Үүнээс агуулагдаж буй цэвэр метал нь 3.5 сая тонн зэс, 108 тонн алт, 882 тонн мөнгөний агуулгатай гэсэн урьдчилсан тооцоо бий.
Харин Херуга ордын 1.4 тэрбум тонн хүдрийн биетэд, 5.3 сая тонн зэс, 568 тонн алт, 157 мянган тонн молибден, 1,959 тонн мөнгө агуулагдаж буй гэж тооцсон байдаг.
Монголд олон төрлийн эрдэс баялаг бий ч гагцхүү зэсийг онцолж буйн учир нь ирээдүйн уул уурхайн өнгө “аранжин” улаан байхаар тодорч байна. Дэлхий нийт өнгөө сэлгэж, “ногоон” болох хүн төрөлхтөний мөрөөдлийн биелэлтэд зэс ихээхэн орон зайг эзэлж буй.