Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн "Build Mongolia 2024" үзэсгэлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй, маркетингийн үйл ажиллагааг илүү чанартай түвшинд хүргэх зорилготой. 4 дэх удаагаа нээлтээ хийж буй энэ жилийн үзэсгэлэнд барилга, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан оролцож буйгаараа онцлог юм.
Улс орны эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын үндсэн үйлдвэрлэлийг хамарсан томоохон үзэсгэлэн ЭКСПО-д дотоод, гадаадын 100 гаруй шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээ танилцуулан оролцож байна.
Бүтээн байгуулалт буюу Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Премиум Бьюлдинг Материалс ХХК (Сика Брэнд) ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр The Mongolian Mining Journal, Bloomberg телевиз, Aвстралийн бизнес эрхлэгчдийн Монгол дахь төв байгууллага, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, ESight, Mining Insight тус тус хамтран ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус тус хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд оролцогч компаниуд техник технологи, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна харилцан санал солилцох, хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг бүхий л чиглэлээр ажиллана.
Үзэсгэлэнг зохион байгуулагч "Экспо Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Баттулга "Үзэсгэлэнгийн үеэр сурталчилгаа маркетингийн өдрүүд үргэлжлэхээс гадна мэдлэг мэдээллийн өдрүүд байх болно" хэмээн нээлтийн үгэндээ дурдлаа.
Үзэсгэлэнгийн эхний өдөр Барилгын, хоёр дахь өдөр Эрчим хүчний форум болж 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.