Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хийн урсгалыг хүссэн чиглэлд өөрчлөх нь ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой



"Газпром" компани ОХУ-ын зүүн хэсэгт байрладаг хийн хоолойн сүлжээг баруун талын хийн шугамтай холбохоор ажиллаж байгаагаа зарлав. Тус компани өнгөрсөн сард Оросын зүүн хязгаарт 800 км шинэ хоолой барьж эхэлсэн юм.

Белогорск-Хабаровскийн нутаг дахь  хийн хоолой нь Хятад руу хий нийлүүлдэг “Сибирийн хүч”-ийг  Сахалин-Хабаровск-Владивосток хоолойтой холбох юм.

“Бид одоогоор холболтын зураг төсөл, судалгааны ажил дээр төвлөрч байна” гэж "Газпром" мэдэгдлээ. ОХУ Европт хий нийлүүлдэг баруун хийн сүлжээгээ зүүн сүлжээтэй холбохыг хүсч байгаа юм. Хийн урсгалыг хүссэн чиглэлд өөрчлөх боломжтой байх нь ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой.

Энэ нь Украины дайнаас  үүдэн  Европ руу урсдаг Оросын байгалийн хий мэдэгдэхүйц буурсантай холбоотой юм. Тиймээс ОХУ Азийн орнуудтай, ялангуяа эрчим хүчний хоёр дахь том хэрэглэгч Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Орос улс "Сибирийн хүч 2" хоолой барьж, Хятад руу нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэхүү хоолойгоор ОХУ-ын хойд хэсгийн Ямал мужаас жил бүр 50 тэрбум куб метр байгалийн хийг Монголоор дамжуулан Хятад руу тээвэрлэхээр төлөвлөж байна.

Энэ хэмжээний хий нь 2022 онд болсон дэлбэрэлтийн улмаас одоогоор идэвхгүй байгаа "Nord Stream 1" дамжуулах хоолойн хүчин чадалтай бараг тэнцэж байна. Гэвч Москва, Бээжин хоёр “Сибирийн хүч 2” хоолойгоор экспортлох хийн үнэ ханш зэрэг чухал нөхцөлүүдээ хараахан тохироогүй байна.

Одоогийн байдлаар Орос улс 2019 онд ашиглалтад орсон “Сибирийн хүч 1” хоолойгоор Хятад руу хий экспортолж байна. 2025 он гэхэд энэ хоолойгоор дамжуулан жил бүр экспортлох хэмжээг 38 тэрбум куб метрт хүргэх төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Reuters