Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конго улсын Хятадтай байгуулсан 7 тэрбум долларын дэд бүтцийн гэрээ зэсийн үнээс хамаарна

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын компаниудтай ашигт малтмалын гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний  хүрээнд дэд бүтцэд 7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Харин хөрөнгө оруулалт нь зэсийн үнэ өндөр хэвээр байхаас ихээхэн хамаарах юм байна.

Дэлхийн хамгийн том кобальт үйлдвэрлэгч Конго улсын засгийн газар Sinohydro Corp болон China Railway Group-тэй 2008 онд байгуулсан гэрээг эргэн харахыг шаардсан аж. Уг гэрээний хүрээнд Хятадын компаниудад тус улсын ашигт малтмалыг олборлох зөвшөөрөл олгож, оронд нь Хятадын компаниуд дэд бүтэц барихаар тохирсон. Талууд 3 дугаар сард шинэчлэгдсэн гэрээнд гарын үсэг зурсан.

Талууд зэс, кобальтын хамтарсан "Sicomines” компанийн хувьцаа эзэмшигчдийн одоогийн бүтцийг хэвээр хадгалахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Хятадууд 68%-ийг эзэмшиж байгаа бол үлдсэн 32%-ийг Конго улсын төрийн өмчит “Gecamines” уул уурхайн компани эзэмшинэ.

Уг гэрээнд 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэд хэдэн нөхцөлийг тусгасан. Үүний нэг нь бараг дэд бүтэцгүй Конго улсад авто зам барих нөхцөл юм.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Sicomines компанийн ашгаас санхүүжүүлэх болно. Мөн тус компанийн ашгийг Хятадын банкуудаас Sicomines компанийн нэрийн өмнөөс авсан зээлийг төлөхөд зарцуулна.

Өмнөх гэрээгээр ашгийн 65%-ийг зээл төлөхөд зориулж байсан.

Талууд 2024 оноос 2040 он хүртэл жил бүр 324 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авто замын дэд бүтцэд хийнэ гэж тохиролцсон. Гэхдээ энэ нь нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш байх тохиолдолд.

Лондонгийн металлын бирж дээр баасан гаригт нэг тонн зэс 9855 ам.доллараар арилжиж байсан бол зэсийн үнэ нь мягмар гарагт хоёр жилийн дээд цэгт буюу 10,208 ам.долларт хүрэв.

 

“Хэрэв нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллараас дор хаяж 50%-иар өсвөл дээрх нөхцлөөр олсон нэмэлт ашгийн 30%-ийг дэд бүтцэд зарцуулна” гэж Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн гэрээнд дурджээ.

“Зэсийн үнэ 5200 ам.доллар болон түүнээс доош унасан тохиолдолд Sicomines компани дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээ зогсооно гэдгийг талууд ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа.”

Хэлэлцээрийн дагуу Sicomines компани 2040 он хүртэл татвар төлөхөөс чөлөөлөгдөнө. Энэ байдлыг Конго болон олон улсын иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн шүүмжилж, уг шийдвэр нь улсын орлогод ихээхэн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна.

Конго нь дэлхийн гурав дахь том зэс үйлдвэрлэгч бөгөөд лити, цагаан тугалга, алтны томоохон ордуудыг эзэмшдэг. Конго улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гурван жилийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бүх гэрээг нийтлэх үүрэг хүлээсэн.

 

Линк: https://www.mining.com/web/congos-7-billion-infrastructure-deal-with-china-will-depend-on-copper-prices/   

Огноо: 2024/05/03

Эх сурвалж: mining.com