Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг бүрдүүлж байна

Ч.Сансар

Өнгөрсөн жил салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөний дараа анх удаа дэлхийн нийт цахилгааны 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэллээ.

Цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өссөөр байгаа ч дэлхий нийт чулуужсан түлшний хэрэглээг бууруулахын ирмэг дээр ирж байна гэж Дэлхийн эрчим хүчний системийн  тайланд дурджээ.

Уур амьсгалын судалгааны Ember компанийн мэдээлснээр 2000 онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн нийт эрчим хүчний 19%-ийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 30 гаруй хувь болж өссөн байна.

Цахилгаан эрчим хүчний өсөлтөд нарны эрчим хүч гол нөлөө үзүүлсэн ажээ. 2023 онд нарны станцууд нүүрснээс хоёр дахин их шинэ цахилгаан үйлдвэрлэсэн байна.

Нар 19 жил дараалж хамгийн хурдацтай хөгжиж буй цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байсан. Нарны эрчим хүч салхинаас давж, хоёр дахь жилдээ шинэ цахилгаан үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэр болж чадсан.

Цэвэр цахилгаан эрчим хүчний өсөлт нь ирэх онд дэлхийн чулуужсан түлшний үйлдвэрлэлийг 2%-иар бууруулах төлөвтэй байна гэж Ember мэдээлжээ

Дэлхийн эрчим хүчний систем дэх чулуужсан түлшний хэрэглээ буурч магадгүй ч тээврийн шатахуун, хүнд үйлдвэр, дулааны салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Өнгөрсөн онд Эрчим хүчний хүрээлэнгийн хийсэн   судалгаагаар газрын тос, хий, нүүрс зэрэг чулуужсан түлш нь дэлхийн анхдагч эрчим хүчний 82 хувийг бүрдүүлдэг болохыг тогтоожээ.

Дэлхийн удирдагчид 12 дугаар сард болсон НҮБ-ын COP28 уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаар 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч дэлхийн нийт цахилгааны 60 хувийг бүрдүүлнэ гэж тохиролцсон. 

Энэ тохиолдолд улс орнууд ойрын зургаан жилд сэргээгдэх эрчим хүчний  хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай болно.

Эх сурвалж: the Guardian