Засгийн газраас эрчим хүчний шилжилт хийх цаг болсныг хүлээн зөвшөөрч, сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Эхний шатанд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийг хэрэгжүүлсэн юм.
2022 оны 8 дугаар сард шав тавьсан энэ төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрчим хүчний сайд тэргүүтэй салбарын төлөөллүүд оролцож байсан бол өнгөрсөн оны 12 дугаар сард Батарей хуримтлуулах станц ашиглалтад орж, төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд ийнхүү амжилттай хэрэгжсэн Батарей хуримтлуурын станцын үр ашгийн талаар Төслийн инженер Б.Билгүүнээс тодрууллаа.
А.Халиун
Төслийн хүрээнд байгуулсан Батарей хуримтлуурын станц хэдий хэмжээний эрчим хүч хуримтлуулж, төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байна вэ?
Дэлхий нийтийн чиг хандлага Батарей хуримтлуурын станц руу шилжиж байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд шилжихийн тулд тохируулга нь усан цахилгаан станц эсвэл батарей хуримтлуурын станцаар шийдэгдэнэ. Хамгийн хурдан буюу 1-2-хон секундэд маневрлах чадвартай нь батарей хуримтлуурын станц гэж үздэг. Энэ бол дэвшилтэт технологи юм. Одоогоор батарей хуримтлуурын станц барих хэд хэдэн төсөл шинээр хэрэгжинэ.
Манай төслийн хүрээнд 80 мВт-ын чадалтай, 200 мВт/цагийн багтаамжтай Эрчим хүчний хуримтлуурын байгууламжийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, эхний хоёр жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагааг дэмжих ажлын гүйцэтгэгчийг Олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулсан. Тендерт БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd (ZTT) болон Zhongtian Energy Storage Technology Co,.Ltd (ZEST) компанийн хамтарсан консорциум шалгарч, “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байв. Төслийн зөвлөхөөр ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” компани ажилласан юм.
Төсөл Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн бөгөөд гэрээний дүн нь 80.9 сая ам.доллар. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас гааль болон НӨАТ-аас чөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр 80 мВт-ын хүчин чадалтай, 200 мВт/цагийн багтаамжтай Батарей хуримтлуурын станц барих төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа.
Станцыг ашиглалтад оруулснаас хойш хэдий хэмжээний эрчим хүч төвийн системд нийлүүлсэн бэ?
Станц өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-наас хойш энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 17.7 сая кВт/цаг эрчим хүчийг системд нийлүүлээд байна. Жилд 58 сая, сард дунджаар 4.8 сая кВт/цаг эрчим хүч нийлүүлэх хүчин чадал бүхий станц юм. Гэвч өнгөрсөн 3 дугаар сард оргил ачааллын үед төлөвлөлтөөс давуулж, тухайн сард 5.7 сая кВт-цаг эрчим хүч нийлүүлсэн байна.
Батарей хуримтлуурын станц бол манай улсын эрчим хүчний салбарт шинэ шийдэл. Энэ станцыг ямар зорилгоор байгуулсан бол?
Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй гэнэтийн чадлын дутагдлыг нөхөх болон давтамж тохируулах, оргил ачааллын үед 80 мВт-ын эрчим хүч системд нийлүүлэх, импортын эрчим хүчийг багасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
Манай улсын хэрэглээний төлөвийг харахад өглөө, оройн цагаар эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг. Тиймээс станцыг шөнө нь цэнэглээд, өглөө, оройн оргил ачааллын үеэр 80 мВт хүртэл эрчим хүчийг системд нийлүүлэх горимоор ажиллуулахаар төлөвлөсөн. Төлөвлөсний дагуу өнгөрсөн 12 дугаар сараас хойш тогтвортой ажиллаж байна.
Станцыг Улсын комисс хүлээж авсан уу?
2023 оны 12 дугаар сард эрчим хүчний системд нийлүүлж эхэлсэн. 2024 оны 5-6 дугаар саруудад багтаж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хичнээн барилга байгууламж баригдсан бол?
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Эмээлтэд барилгын ажил хийгдсэн. Станцын удирдлагын байр, 100 мВт/цагийн чадалтай хоёр трансформатор, 64 контейнер бүхий 32 хөргүүрийн байгууламжтай, 7 багц байгууламж юм. Станц “Сонгино” дэд станцтай холбогдоно. “Сонгино” дэд станц нь хойшоо Эрдэнэт, ТЭЦ-3-тай холбогддог. Урагшаа Мандалговь руу холбогддог зангилаа станц.
Тиймээс эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах тохируулга хийх, станцын тэг зогсолтыг шуурхай сэргээхийн тулд эх үүсвэртээ ойрхон байх шаардлагатай болсон. Түүний тулд “Сонгино” дэд станцаар холбогдож, ТЭЦ-3 станцад үүссэн чадлын дутагдал, цахилгааны гэнэтийн тасалдлыг нөхөх зохицуулалттай.
Нэг трансформатор гэмтвэл нөгөөг нь ажиллуулж, найдвартай байдлыг хангах зорилготой. Станц өнгөрсөн 12 дугаар сарын 6-наас ажиллаж, 12 дугаар сарын 8-наас системд нийлүүлж эхэлсэн. Өнгөрсөн өвөл оргил ачааллын үеэр Улаанбаатарт цахилгааны хязгаарлалт хийхэд нөхөж ажилласан. Манайхаас тогтмол 80 мВт-ыг нийлүүлж, түүн дээр сэргээгдэх эрчим хүч нэмэгдвэл хязгаарлахгүй, нэмэгдэхгүй бол хязгаарлаж ажилласан гэсэн үг. Өнгөрсөн өвлийн тухайд ийнхүү үр дүн нь харагдсан.
Эрчим хүчний системд давтамж тохируулга хийнэ гэх ойлголт байна. Энэ ямар учиртай зохицуулалт болохыг Та тайлбарлаж өгнө үү?
Энэхүү батарей хуримтлуурын станц нь нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, системийн тогтвортой байдлыг хангах, давтамж тохируулга хийх, оргил ачааллын үед 80 мВт эрчим хүч нийлүүлж, импортын эрчим хүчийг багасгах зорилготойг давтан хэлмээр байна.
Давтамж тохируулга гэдэг нь чадлын дутагдлаас хамаарч давтамж ихсэх, буух буюу хэрэглээ ихэсвэл давтамж унаж, хэрэглээ багасвал давтамж ихэсдэг. Хэрэглээ ихсэж давтамж унах үед батарей хуримтлуурын станц маш хурдан маневрлах чадвартай.
Секунд хүрэхгүй хугацаанд 80 мВт-ыг өгөх, 80 мВт-ыг зогсоох зэргээр маш хурдан команд авдаг учир усан цэнэгт станцаас илүү давуу талтай гэж үздэг.
Усан цахилгаан станц барихад урт хугацаа шаарддаг бол батарей хуримтлуурын станцыг богино хугацаанд барих боломжтойг бид харлаа. Бид станцынхаа газар шорооны ажлыг 2023 оны 4 дүгээр сард эхлээд, 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулж чадсан. Тэгэхээр маш богино хугацаа шаарддаг.
Батарей хуримтлуурын станц сэргээгдэх эрчим хүчтэй хэрхэн хоршиж ажиллах вэ?
Батарей хуримтлуурын станцын давуу тал нь сэргээгдэх эрчим хүчнээс өөрийгөө цэнэглээд байвал нийлүүлэлт илт нэмэгдэнэ гэсэн үг. Одоо манайд тохируулгын том эх үүсвэр байхгүй учир системийн найдвартай ажиллагааг хангахын тулд сэргээгдэх эрчим хүчийг дарахаас аргагүй. Батарей хуримтлуурын станцтай болсноор сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Эрчим хүчний үйлдвэрлэл нь хэрэглээнээс давсан тохиолдолд уг станцдаа эрчим хүч хуримтлуулах боломжтой гэсэн үг. Энэ бол маш том давуу тал бөгөөд энэ хэмжээгээрээ СО2-ын ялгарлыг бууруулах боломжтой юм.
Засгийн газраас 2030 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 30%-д хүргэх зорилт тавьсан. Одоогоор 17-18%-д хүрээд байна. Гэтэл бидэнд тохируулгын станц хангалтгүй байна. Сэргээгдэх эрчим хүчний нэг эрсдэл нь байгалиас хамааралтай. Энэ хамаарлыг бууруулах гол хүчин зүйл нь тохируулгын станц юм.
ОХУ-ын импортын шугамын хэрэглээ 310 мВт-аас ихэсвэл хэрэглээг шууд тасалдаг автомат тохируулгатай. Батарей хуримтлуурын станцтай болсноор энэ тасалдлыг шийдэхэд нэлээд тус нэмэр болж байна.
Танай станц жилд 58.5 сая кВт/цаг эрчим хүч хуримтлуулж нийлүүлэх хүчин чадалтай гэхээр энгийнээр тайлбарлавал ямар хэмжээний ачааллыг даах чадалтай гэсэн үг вэ?
Нэг айлын сарын хэрэглээ нь дунджаар 250 кВт/цаг гэж үзвэл жилд 3000 кВт/цаг эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр манай Батарей хуримтлуурын станц жилд 20 мянга орчим айлыг цахилгаан эрчим хүчээр дангаар хангах хүчин чадалтай станц гэж ойлгож болно.
Батарей хуримтлуурын станц нь манай улсад шинэ технологи. Тиймээс төслийн хүрээнд батарей хуримтлуурын станцын дүрэм журам, үнэ тарифыг тооцох аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах ажил үргэлжилж байна гэсэн үг. Энэ чиглэлээр бид Эрчим хүчний яамны дэргэд байгуулагдсан Ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байна. Олон улсын мэргэшсэн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа дээрээ дүрэм журмын зохицуулалтын үндсийг тавих, боловсруулж байна. Хэзээ батлагдах болон ямар тарифаар ажиллахыг салбарын яамнаас хариулах байх.