Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Филиппин никель боловсруулах үйлдвэрүүдээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна

Ч.Сансар

Хятад, АНУ зэрэг улсууд Филиппиний уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж байна. Тус улс эрдэс баялгийн салбараа эрчимжүүлж, тэр дундаа  никель үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор боловсруулах 3 үйлдвэр шинээр барина хэмээн мэдэгдлээ.

Зүүн Өмнөд Азийн бүсэд оршдог Филиппин улс хөрш Индонези улсын жишгийг дагахыг зорьж байна. Индонези 2020 онд никелийн  түүхий хүдрийн экспортыг хориглоод, боловсруулах үйлдвэрүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан билээ.
Байгаль орчны сайд Мария Антониа Юло-Лойзага Филиппин цахилгаан автомашины батарейд ашигладаг никелийг боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ.  Мөн Австрали, Их Британи, Канад болон Европын холбооны улсууд ч Филиппинийг сонирхож байна гэж тэрбээр хэлэв.

"Бид зөвхөн  эрдсийн бүтээгдэхүүний нийлүүлэлт  гэхээсээ илүү нэмүү өртгийн сүлжээний нэг хэсэг болохыг хүсч байна" гэж Лойзага сэтгүүлчидтэй уулзах үед хэллээ. "Бид хариуцлагатай хайгуул, олборлолтыг дэмжиж, боловсруулах салбарт хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна."

Филиппин улс нэмүү өртөг шингээсэн никелийн бүтээгдэхүүн гаргаж, никелийн салбарын хүчин чадлыг бэхжүүлэхийн тулд   боловсруулах 3 үйлдвэр шинээр байгуулахаар төлөвлөж байна гэж Худалдааны яамны дэд сайд Сеферино Родольфо мэдэгдэв. Тус улс одоо никелийн хоёр боловсруулах үйлдвэртэй бөгөөд  дэлхийн хамгийн том хүдэр олборлогч Nickel Asia Corp эзэмшдэг.

Никелийн хүдрийг боловсруулах нь Филиппиний хувьд хамгийн тохиромжтой хувилбар гэж Эдийн засгийн төлөвлөлтийн нарийн бичгийн дарга Арсенио Балисакан мэдэгдээд, “Ашигт малтмалын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх цаг нь болсон” гэлээ.

“Филиппин улс ашигт малтмалын асар их нөөцтэй бөгөөд уул уурхайн компаниудад урамшуулал олгох замаар хөрөнгө оруулалт татахыг судалж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

Засгийн газрын сүүлийн үеийн тоо баримтаас харахад Хятадад никелийн хүдэр хамгийн их нийлүүлдэг Филиппин улс өнгөрсөн онд 35.14 сая хуурай тонн никель үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 19%-иар өссөн байна.

Эх сурвалж: Reuters