Б.Ариунаа
ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ТӨСӨЛ ЦААСАН ДЭЭР ҮЛДЭХГҮЙ, ХЭРЭГЖИНЭ, ҮР АШГАА Ч ӨГНӨ
Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг Аж үйлдвэржилтийн сэргэлтэд түлхэц болох олон шийдэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн ирэх 4 жилийн стратеги төлөвлөлтөд тусгагдсан. Хамгийн тод жишээ гэхэд л 6 байршилд үйлдвэр, технологийн парк байгуулна. PDAC-2024 чуулганы үеэр Таны танилцуулсан илтгэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэлээд татсан. Юуны өмнө энэхүү төслийн талаар танилцуулна уу?
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай байгуулах юм.
1. Зэс боловсруулах цогцолбор: Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр “Эрдэнэт” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
2. Ган үйлдвэрлэлийн цогцолбор: Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт металлургийн үйлдвэрлэлийн чиглэлээр “Дархан” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ширэм, ган бэлдэц, барилгын арматур, метал хийц, ХАА-н тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэнэ.
3.Жонш боловсруулах цогцолбор: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жонш баяжуулах, боловсруулах, химийн үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр “Бор-өндөр” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, жоншны 97%-ийн баяжмал, фторт устөрөгч, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэхээр төлөвлөсөн.
4. Кокс химийн цогцолбор: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулна.
5. Нүүрс химийн цогцолбор: 1 дүгээр үе шатад 0.5 сая тонн/жил нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх аргаар метанол үйлдвэрлэх хүчин чадалтай “Багануур” Нүүрс-химийн үйлдвэрийг ашиглалтад оруулна.
6. Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Хөтөл” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, цемент, шохой, барилгын төрөл бүрийн материал үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл явуулж байгаа томоохон 6 компанийн дэд бүтэц, нөөц баялагт тулгуурлан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах юм. Оргүй хоосноос биш одоогийн боломж дээрээ тулгуурлаж, сайжруулж өргөжүүлэх төслүүд учир хэрэгжих хангалттай нөхцөл боломж бий. Хэрэгжих боломжийг ч бид тооцоолсон.
Тийм учраас манай нэгдлийн хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгагдсан.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 онд хэрэгжих Дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд “Түүхий эд, бүтээгдэхүүн болон экспортын бүтээгдэхүүний тээвэр, логистик, хадгалалтын дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэсэн логистик төвүүдийг шинээр байгуулагдах Үйлдвэр технологийн парк, үйл ажиллагаа явуулж буй уурхай, үйлдвэрийн газрууд болон гол худалдааны боомтууд дээр байгуулна.“ хэмээн тодорхой заасан.
Засгийн газраас хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлнэ гэсэн бодлого баримталж буй ч төр бизнес эрхэлж, хувийн хэвшилд боломж олгосонгүй гэсэн шүүмжлэл гардаг. Танай нэгдлийн стратегид тусгагдсан төслүүд энэ шүүмжлэлээс ангид байж чадах уу?
Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахад төр, засгийн оролцоо, тэр дундаа “Эрдэнэс Монгол” нэгдэл ямар үүрэг чиглэлтэй ажиллахыг стратеги төлөвлөгөөндөө маш тодорхой тусгасан. Онцолж буй 6 байршилд байгуулах паркийн дэд бүтцийг бий болгосны үндсэн дээр эрдэс баялгийг боловсруулж, аж үйлдвэрийн түүхий эд бэлтгэх үйлдвэрийг байгуулна. Дараа, дараагийн шатны боловсруулалт хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хувийн хэвшилд олгоно. Тодруулж хэлбэл, Үйлдвэрлэл технологийн паркт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах үйлдвэрүүдийг найдвартай түүхий эд, тээвэр логистик болон дэд бүтцээр хангана гэсэн үг.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах үндсэн суурь нөхцөлийг бий болгоно гэж ойлгож болох уу?
Товчхондоо тийм. Энэ нь ганц нэг салангид төсөл хэрэгжүүлэх биш төр, хувийн хэвшил хамтарч эрдэс баялгаа бүрэн боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг кластерын эхлэлийг тавих тухай л яриад байгаа юм.
Төсөл амжилттай хэрэгжих суурь нөхцөлүүд хэрхэн бүрдсэн бэ?
Тодруулбал, хэд хэдэн урьдач нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Нэгдүгээрт, боловсруулаад экспортод гаргах эрдэс бүтээгдэхүүн нь бэлэн байна. Монгол Улс ашигт малтмалын нөөц баялаг ихтэй, уул уурхайн салбар нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг ч хэдэн арван жилийн турш ашигт малтмалаа маш хямд үнээр, анхан шатны ямар ч боловсруулалтгүй түүхийгээр экспортод гаргаж байна. Бараг боловсруулалт хийдэггүй, олборлосон түүхий нүүрс, хүдрийг уурхайн амнаас шууд экспортод гаргасаар байгаа учраас зах зээлд өрсөлдөх чадваргүй, эрдэс баялгийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлж чадахгүй байна.
Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэн, нэмүү өртөг шингээн өндөр үнээр борлуулж, иргэддээ илүү их өгөөж хүртээе гэвэл аж үйлдвэржилтэд шилжихээс өөр гарцгүй. Ашигт малтмалын нөөц баялагт тулгуурласан баяжуулах, боловсруулах болон хими, металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээх замаар улс орны эдийн засгаа тэлсэн туршлага нийтлэг бий. Ойрын жишээ гэвэл БНХАУ-ын ӨМӨЗО уул уурхайн томоохон бүсүүддээ Аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт өрнүүлж, аж үйлдвэрлэлээ богино хугацаанд хөгжүүлж чадсан.
Үр дүнд нь бүс нутгийнх нь ДНБ 20 жилийн хугацаанд 13 дахин өссөн байна. 2002 онд 24 тэрбум орчим ам.доллартай тэнцэж байсан бол 2022 онд 330 тэрбум орчим ам.доллар болж өссөн статистик бий. Энэ бол том үр дүн. Үүнээс үйлдвэр, цехүүдийг парк хэлбэрээр хөгжүүлсний үр дүнд хүнд үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ тус жилүүдэд 8 тэрбум ам.доллараас 162 тэрбум ам.доллар хүртэл буюу 20 дахин өссөн байна. Бид энэ замаар хөгжих бүрэн боломжтой. Ганцхан жишээ хэлье. Манай улс жоншны нөөцөөрөө дэлхийд эхний 3-т жагсдаг ч жилдээ 60%-иас доош агуулгатай, 600 гаруй мянган тн хүдэр экспортолж, 30-40 сая ам.доллар олдог. Хэрэв бид энэ бүс нутагт Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, дээр хэлсэн хэмжээний хүдрийг баяжуулж, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэвэл 150 гаруй сая ам.долларын орлого олох бүрэн бололцоотой.
Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэн шаардлагатай. Үйлдвэрлэл технологийн паркийг ямар ч дэд бүтэц, хүний нөөцгүй хоосон хөндий нутагт барина гэвэл цаасан дээр бичсэн мөрөөдөл төдий сонсогдоно. Гэтэл бидний Үйлдвэрлэл технологийн парк байгуулна гэж төлөвлөсөн 6 байршилд стратегийн орд газрууд, хот суурингууд, төрийн өмчийн томоохон үйлдвэрүүд байна. Дэд бүтэц нь тодорхой төвшинд хөгжсөн, ажиллах хүч, нийгмийн суурь бүтцийн хувьд цаашид аж үйлдвэр хөгжих боломжтой байршлууд.
Говийн бүсийн байгаль экологи, хүнд аж үйлдвэрийн хөгжилд “Орхон-Онги”, “Хэрлэн-Тооно” зэрэг гадаргын усан хангамжийн төслүүд цаг алдалгүй хэрэгжих нь маш чухал ач холбогдолтой. Монгол Улс гадаргын усны төслүүдээ хэрэгжүүлж, цаашдаа гүний усыг аж үйлдвэрт ашиглахыг хязгаарлах, түүгээр ч зогсохгүй дэлхийн улс орнуудын жишгээр хориглох ёстой. БНХАУ-д ч энэ жишгийг мөрдөж байна.
Гуравдугаарт, хууль эрх зүй болон хөрөнгө оруулалтын орчин нь бүрдсэн. Өнгөрсөн онд Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, ҮТП-д үйл ажиллагаа явуулахад тодорхой дэмжлэг, татварын хөнгөлөлтүүдийг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн паркуудыг нэгдсэн удирдлагаар хангах “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг байгуулсан. Мэдээж цаашид эрх зүйн орчныг бусад улс орны сайн туршлага, жишгээр улам сайжруулах шаардлага бий.
“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн жил АНУ-ын “Делойтт” компанитай хамтран Асгатын мөнгөний ордын 10 мянган га талбайд Агаарын геофизикийн судалгааны ажил хийсэн. Энэ ажлын үр дүнгийн тайланг PDAC-2024 чуулганы үеэр хүлээж авсан нь эдийн засагт эерэг мэдээ байсан. Өмнөх жилийн PDAC чуулганаас гарсан бодит үр дүн гэж ойлгож болох уу?
Тэгж ойлгож болно. Өнгөрсөн жилийн PDAC чуулганы үеэр АНУ-ын Төрийн департмент, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хооронд Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм. Тэрхүү санамж бичгийн хүрээнд АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр “Делойтт” компани болон “Эрдэнэс Монгол” ХХК хамтран Асгатын мөнгөний ордод хамтарсан хээрийн судалгаа болон агаарын геофизикийн зураглал хийж, үр дүнд нь тулгуурлан цаашид ордын хэмжээнд хийх хайгуул, судалгааны ажилд санал, зөвлөмж боловсруулах зорилготой ажиллаж байна.
Агаарын геофизикийн судалгааг “Геосан” ХХК-иар гүйцэтгүүлж, “Делойтт”-ын баг үр дүнг боловсруулж байгаа гэж ойлголоо. Асгатын ордын нарийвчилсан нэмэлт судалгаа хэр амжилттай хийгдэж байна вэ?
Асгатын ордод сонирхол татахуйц гурван бүс ялгаж, ордын хүдрийн биетийг баталгаажуулсан.
Хамтарсан хээрийн судалгаагаар ордоос дээж авч шинжилгээ хийхэд мөнгө, зэсийн агууламж өндөр хэтийн төлөвтэй байж болох нь харагдаж байна. Саяхан болж өнгөрсөн PDAC-2024 чуулганы үеэр уг судалгааны тайланг хүлээн авсан нь цаашид геологи, хайгуулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад чухал түлхэц болох юм. Ер нь, олон улсын хурал чуулганд төсөл хөтөлбөрүүдээ нэг удаа танилцуулаад шууд хөрөнгө оруулалт татахад хэцүү, аль болох олон удаагийн танилцуулга хийж, бүх боломжийг ашиглаж, бусад сувгуудаар ажиллаж байж хамтын ажиллагаа тогтоодог. Асгатын мөнгөний орд дээр хийж буй судалгаа үүний нэг л жишээ.
Хөрөнгө оруулагч талтай нэгдсэн ойлголцолд хүрэхэд цаг хугацаа шаардагдаж байна
Монгол Улсын Засгийн газар болон Францын төрийн өмчит “Орано майнинг” компанийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийн явц ямар шатандаа явж байна вэ?
Хэлэлцээ хэвийн үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын Дэд хэсгүүд хөрөнгө оруулагч талтай одоогоор 14 удаагийн яриа хэлэлцээ хийж, Дэд хэсгүүдээс хүргүүлсэн нийт саналын 50 орчим хувийг харилцан тохиролцлоо. Хэлэлцээг Монгол Улсын хууль тогтоомж болон Парис хотноо үзэглэсэн хэлэлцээний протоколд нийцүүлж талуудын эрх, ашгийг тэнцвэртэй хангах гэсэн суурь зарчмуудыг баримтлан ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээн дэх заалт тус бүрийг улс орныхоо эрх ашигт нийцүүлэх, Оюу толгой төсөл дээр гаргасан алдаагаа давтахгүй байх зэрэг олон сорилттой тулгарч байна гэж ойлгож болох уу?
Ураны салбарт анх удаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь бидний хувьд шинэ сорилт, шинэ туршлага. Гэхдээ ураныг хамтран ашиглах талаар зарим улс орон чамгүй туршлага хуримтлуулсан байна. Манай улсын хувьд, ураны салбар дахь Хөрөнгө оруулалтын гэрээ шинэ сорилт хэдий боловч бид бусад орнуудын туршлагуудыг судлах замаар бэрхшээл, сорилтыг үе шаттай шийдээд явж байна. Улсынхаа эрх ашгийг хангахын тулд эдийн засаг, гэрээ, эрх зүй болон байгаль орчны чиглэлээр олон улсын зөвлөх компаниудтай хамтран ажиллаж байна. Таны асуусан Оюу Толгойн гэрээг тойрсон шүүмжлэлүүд бидэнд энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээнд нухацтай, хариуцлагатай хандах ёстойг байнга сануулсаар байна. Тиймээс, бид хөрөнгө оруулагч талтай нэгдсэн ойлголцолд хүрэхийг чухалчлан гэрээний зүйл, заалт тус бүр дээр байр сууриа илэрхийлж, санал, тайлбараа хүргүүлж байна. Хөрөнгө оруулагч тал ч мөн асуудалд нухацтай хандаж байна. Ийм байдлаар ажиллаж талууд нэгдсэн ойлголцолд хүрэх нь Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар, УИХ-аар батлуулах, улмаар гэрээ цаашдаа тогтвортой хэрэгжихэд чухал ач холбогдолтой юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой зарчмын чухал асуудлуудыг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож, нэгдсэн ойлголцолд хүрэхэд цаг хугацаа багагүй шаардагдаж байна.
Францын “Орано майнинг” компанийн зүгээс хэлэлцээний явцад тохиролцсон асуудлаа гэрээний төсөлд томьёолж оруулахдаа өөрчилж ирүүлсэн тохиолдлууд ч гарсан. Тухай бүрд нь залруулах шаардлага хүргүүлж байна.
Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын хооронд байгуулагдаж “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компанийн үйл ажиллагааны оролцоотой хэрэгжих юм.
Хэлэлцээний явцыг олон улсын зөвлөхүүд хэрхэн дүгнэж байна вэ?
Бидний баримталж буй зарчмууд үндэслэлтэй хийгээд зөв чигт яваа нь олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжөөс тодорхой харагдаж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээнд оролцогч талуудын эдийн засгийн үр өгөөж хэрхэн тусгагдсан бэ?
Уран нь цацраг идэвхт ашигт малтмал. Тэр утгаараа байгаль орчин, хүн, мал амьтанд учруулах эрсдэлийн асуудал хурцаар хөндөгддөг.
Мөн түүнчлэн энэ төслөөс хүртэх эдийн засгийн үр өгөөжийн асуудалд нухацтай хандах ёстой. Тухайлбал, Монгол Улсын татварын хуульд өөрчлөлт оруулах, АМНАТ тооцох тусдаа аргачлал бий болгох зэрэг асуудлуудыг манай тал хүлээн авах, буулт хийх эрх байхгүй.
Учир нь татварын хууль тогтоомжоор зохицуулагдсан суурь зарчмууд алдагдаж, бусад хөрөнгө оруулагч, татвар төлөгчдийн асуудал давхар хөндөгдөөд зогсохгүй, одоо хэрэгжүүлж буй бүх төслөө эргэж харахад хүрэх нэлээд урхагтай сөрөг үр дагаврууд бий болно. Тиймээс л нарийвчлан тохирох, тооцоолох ажилд нухацтай хандахад цаг хугацаа шаардлагатай.
УУЛ УУРХАЙН ТОМООХОН ГРУПП КОМПАНИУДЫН МӨРДДӨГ ЗАСАГЛАЛЫН ҮНДСЭН ЗАРЧМААР АЖИЛЛАНА
“Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын “Кум Яанг” компанитай чухал ашигт малтмалын чиглэлээр харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Газрын ховор элементийн хайгуул, судалгааны шинэ төрөлд танай нэгдлийн байр суурь, ирээдүйн чиг хандлага ямар байна вэ?
Манай нэгдлийн стратегийн нэг чухал зорилт бол газрын ховор элементийг судлах, ашиглах нөхцөлийг бүрдүүлж, үнэ цэнийг нь өсгөх явдал. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн олборлолт, үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг нүүрс, зэс эзэлдэг. Бизнесээ төрөлжүүлэх, олон тулгуурт санхүүгийн эх үүсвэр бүхий тогтвортой өсөлтийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Ирээдүйн гол хэрэглээ гэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч, өндөр технологийн үндсэн түүхий эд болох газрын ховор элемент, лити, цацраг идэвхт ашигт малтмал ураны эрэлт хэрэгцээ дэлхийд тасралтгүй өсч байна. Тэгэхээр бид ирээдүйн аж үйлдвэрийн хөгжлийн бодлогоо энэхүү томоохон хэрэгцээг хангах чиглэлд тодорхойлох учиртай.
Засгийн газар технологийн өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтрах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр газрын ховор элементийн чиглэлээр талууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үзэг зурсан. Энэ ажлын эхлэл болгож бид БНСУ-ын “Кум Яанг” ХХК-тай чухал ашигт малтмалын судалгаа хийх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр энэ оны 1 дүгээр сард мөн харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан.
Цаашид бид нэгдлийн дунд хугацааны стратегидаа тусгасан чухал зорилт болох газрын ховор элемент, лити, ураны нөөцийг тогтоох чиглэлд өндөр технологи, туршлага бүхий улс орнууд, хөрөнгө оруулагч, стратегийн түнштэй хамтран геологи хайгуул, судалгааны ажлыг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.
Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордыг эзэмшдэг ТӨК-иудын нэгдэл цаашид ямар зорилго, чиглэлтэй ажиллах вэ? Засаглалын тогтвортой байдлыг хангаж чадах уу?
Манай нэгдлийн хувьд нэгдсэн бодлого төлөвлөлтгүй, компаниудын уялдаа холбоо тааруухан, засаглалын хувьд сул байсан он жилүүд бий. Бид өнгөрсөн оны эхнээс нэгдлийн Төрийн өмчит компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, улс төрийн шийдвэрээс ангид бизнесийн зарчимд тулгуурлаж нэгдсэн төлөвлөлтөөр ажиллахыг хичээж байна. Шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагын баг нэгдлийн стратегиа тодорхойлох ажлыг нэн тэргүүнд хийх ёстой гэж үзээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн бодлогын уялдааг хангах, төрийн өмчит уул уурхайн компаниудынхаа “замын зураг”-ийг тодорхойллоо.
“Эрдэнэс Монгол”-ын үе үеийн удирдлагууд ч мөн бизнесийн зарчмаар ажиллах талаар ярьж байсан. Гэхдээ Таны удирдлагын багийн хэрэгжүүлж буй засаглалын менежментийн онцлог юу вэ?
Бид өнгөрсөн жилийг “Өөрчлөлт, шинэчлэлийн жил” болгон зарлаж нэгдлийн компаниудын засаглал, үйл ажиллагааны хувьд ч, санхүүгийн удирдлагад ч нэлээд ажил хэрэгч алхамууд хийсэн. Үр дүнд нь нэгдлийн хэмжээнд борлуулалтын орлого түүхэн дээд хэмжээнд өссөн. 2022 онд 7.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 1.9 дахин өсөж 14.9 их наяд төгрөгт хүрсэн. Цэвэр ашиг 2022 онд 2.0 их наяд төгрөг байсан бол 2023 онд 2.2 дахин өсөж 4.5 их наяд төгрөгт хүрлээ. Түүнчлэн, бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ мөн түүхэн дээд амжилт тогтоосон. Компанийн нэгдлийн хувьд санхүүгийн удирдлагыг оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга батыг сайжруулснаар 200 тэрбум төгрөг, нэгдлийн хэмжээнд 394 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратегид уул уурхайн томоохон групп компаниудад олон улсад мөрддөг байгаль орчин, нийгэм, засаглалын үндсэн зарчмуудыг тусгасан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тусгагдсан Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлоготой уялдуулан төрийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн дээр манай нэгдэл стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Эдгээрээс дүгнэхэд бид богино хугацаанд чамлахааргүй ажил гүйцэтгэсэн нь харагдаж байна. Явцын дунд зарим үр дүн илүү тодорхой харагдана.
Эдийн засгийг эрчимжүүлэх дунд хугацааны зорилтот Шинэ сэргэлтийн бодлого дахь Аж үйлдвэржилтийн сэргэлт хөтөлбөр амжилттай хэрэгжвэл улс орны хөгжилд томоохон түлхэц болно. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэх амар биш гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай мэдэрсэн.
Нэлээд зардал гаргаад гаднын зөвлөх үйлчилгээ авч бичиг баримт боловсруулаад мартдаг явдал түгээмэл харагддаг. Харин бидний хувьд дотоод нөөц боломждоо тулгуурлан, багагүй хүч, хөдөлмөр зарж боловсруулсан энэ стратегийн баримт бичгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож “амьд” байлгах, хөрсөн дээр буулгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгой анхаарч байна.
2024 оныг “Хэрэгжилт-үр дүнгийн жил” болгон зарласан маань ч цаанаа ийм учиртай. Цаашид бүрэлдэхүүн компаниудын ажлын гүйцэтгэл, үр дүнг стратегийн хэрэгжилттэйгээ нягт уялдуулна. Бид нэгдлийн дунд хугацаанд хэрэгжүүлэх төслүүдээ илүү өргөн агуулгаар харсан. Бүр тодруулж хэлбэл, аж үйлдвэрийн уялдаа холбоо бүхий дэд бүтэц, тээвэр логистикийг цогцоор нь хэрэгжүүлэх багц төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгоно. Хэдий болтол ганц нэг салангид төсөл хэрэгжүүлсэн нэр зүүж, тал талд үр ашиг багатай ажиллаж явах билээ. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластерыг системтэй хөгжүүлж, хувийн хэвшилд үнэ цэнэ бүтээх бизнесийн өргөн, бодит боломжоор хангаж ажиллах цаг нэгэнт ирсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл үүний төлөө ажиллаж, бодит үр дүн ч гарч эхэлсэн.
Ярилцсан Танд баярлалаа.