Ч.Сансар
BHP-ийн 34 тэрбум фунт стерлингээр худалдаж авах хоёр дахь удаагийн саналыг Anglo American компани дахин хүлээж авсангүй. Өнгөрсөн сард 31 тэрбум фунт стерлингээр худалдан авах анхны саналаас татгалзсаны дараа Anglo American компанийн ТУЗ хуралдсан ч хоёр дахь саналд хариу өгөөгүй байна гэж BHP мэдэгдэв.
Anglo American компанийг худалдаж авснаар гангийн үйлдвэрлэлд ашигладаг зэс, калий, төмрийн хүдэр, металлургийн нүүрс зэрэг түүхий эдийн зах зээлд BHP ноёрхох боломж нээгдэх аж. Энэ нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компани, нэгжийг худалдаж авсан хамгийн том үйл явдал болох юм.
Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх, цахилгаан машин үйлдвэрлэхэд зэс хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зэсийн эрэлт байнга нэмэгдэж байна. Anglo American компани Перу, Чилид зэсийн уурхай мөн эзэмшдэг.
Anglo American компани BHP-ийн мэдэгдэлд хариулахдаа, хамгийн сүүлийн санал нь "Манай компанийн хувьд ихээхэн доогуур үнэлгээ байлаа" хэмээн үзэж ТУЗ-ийн бүх гишүүд хоёр дахь саналаас "татгалзсан" гэжээ.
Шинэ саналын дагуу Anglo American компанийн нэгж хувьцаа тус бүрийг 27.53 фунтээр үнэлсэн байна.
Лондонгийн хөрөнгийн биржид хийсэн мэдэгдэлдээ BHP “Anglo American компанийн ТУЗ бидний тавьсан шинэ саналыг хүлээн авахгүй байхаар шийдсэнд BHP сэтгэл дундуур байна. Энэ хоёр бизнесийг нэгтгэх нь бүх хувьцаа эзэмшигчдэд ашигтай гэдэгт BHP итгэдэг" гэжээ.
Их Британид үйлчилдэг компани худалдаж авах журмын дагуу BHP 5 дугаар сарын 22-ноос өмнө сүүлчийн саналаа тавих боломжтой аж.
BHP-ийн Гүйцэтгэх захирал Майк Хенри хэлэхдээ "BHP нь Anglo American компанийн ТУЗ-д шинэчилсэн саналаа тавьсан. Энэ нь тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн аль алинд нь ашигтай санал гэж бид бодож байна. Хоёр дахь саналыг хүлээж аваагүйд бид сэтгэл дундуур байна” гэжээ. "BHP болон Anglo American компаниуд стратегийн хувьд хоорондоо сайн зохицдог. Хоёр шилдэг бизнесийн нэгдэл нь цаашид ч асар их ашгаа өгөх ирээдүйтэй" хэмээн нэмж мэдэгджээ.
Эх сурвалж: the Guardian