Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2050 он гэхэд Япон улсын цахилгаан эрчим хүчний эрэлт 50%-иар өснө 

Ч.Сансар

2050 он гэхэд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд хангахын тулд Япон улс эрчим хүчний үйлдвэрлэлээ 35-50%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.

Энэ арван жилийн хугацаанд Япон 1 их наяд кВт.цаг орчим цахилгаан үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа. Харин мэдээллийн технологийн салбарт, ялангуяа хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан зэрэг салбарт эрчим хүчний эрэлт эрчимтэй өсөж байгаа тул 2050 он гэхэд 1.5 их наяд кВт үйлдвэрлэх хүчин чадалтай болох шаардлагатай аж.

Мөн Засгийн газар сэргээгдэх эрчим хүч буюу салхи, нарны хүчин чадлыг хөгжүүлэхийг зөвлөсөн байна.
Япон бол байгалийн нөөц баялаг хомстой улс бөгөөд эрчим хүчнийхээ хэрэгцээг импортоор хангадаг. Гэсэн хэдий ч “Их 7”-гийн бусад гишүүдтэй адил нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах маш их амбицтай зорилго дэвшүүлсэн. Япон улс нүүрсхүчлийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 2013 оны түвшингээс 46%-иар бууруулж, 2050 он гэхэд бүрмөсөн тэглэхийг зорьж байна. Япон улс хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд эхний тавд ордог улс.

Фукушима атомын цахилгаан станцын ослын дараа Япон улс цөмийн эрчим хүчийг үндсэндээ хориглож байсан ч, нефть, байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас   цөмийн эрчим хүчний бодлогоо эргэн харж, тус улсын хамгийн том буюу 8.2 ГВт-ын хүчин чадалтай Kashiwasaki Kariwa зэрэг цөмийн реакторуудыг дахин ажиллуулах шийдвэр гаргалаа.

Мөн саяхан Япон болон “Их 7”-гийн бусад гишүүд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудыг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурсан аж. Харин Турин хотод болсон “Их 7”-гийн уулзалтын үеэр Япон, Герман хоёр улс нүүрс эрчим хүчний салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн өөр найдвартай сонголт байхгүй тул нүүрсний станцуудаа бүрмөсөн зогсоохоос түр чөлөөлөгдөж магадгүй гэж дурджээ. 

“Их 7”-гийн орнууд 2035 он гэхэд нүүрсний станцуудаа ашиглахаа зогсооно гэж тохирвол энэ нь өнгөрсөн жил Дубайд болсон COP-28 дээд хэмжээний уулзалтаас хойш чулуужсан түлшний ашиглалтыг бууруулах анхны том алхам болно.


Эх сурвалж: Oilprice.com