Б.АРИУН
2030 он.
Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд хагас автомат удирдлагад шилжинэ. Уул уурхайд ашиглах техник технологиуд хиймэл оюун ухаанд суурилан ухаалаг, илүү боловсронгуй, өндөр чадвартай болж механикжсан байдал улам бүр буурч, хүний үүрэг оролцоо эрс багасна. Ухаалаг системүүд асар их хэмжээний тархсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааны урьдчилсан шийдлүүдийг санал болгох зэрэг технологийн шийдлүүдээс үүдэн AI хөгжүүлэгчдийн өрсөлдөөн илүү боловсронгуй болно.
2040 он.
Хагас удирдлагатай уурхайгаас бүрэн автомат уурхай руу шилжинэ. Хиймэл оюун ухаан төгсрөхийн хэрээр уурхайн үйл ажиллагаа илүү автоматжиж, уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжүүд бараг л хүний оролцоогүй бие даасан байдлаар ажиллаж эхэлнэ. Гэхдээ хайгуул, олборлолт, түүхий эд гээд ил болон далд уурхайд нарийвчилсан технологи хараахан нэвтрэхгүй уурхайн ерөнхий загварчлал илүү хөгжинө.
2050 он.
Уурхайн виртуал эрин үе. AI-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд машинууд хүний оюун ухаантай дүйцэхүйц ухаалаг үйлдэл хийх магадлал өндөр. Энэ нь уул уурхайн салбарт ч нөлөөлнө. Виртуал уурхайд шийдвэрийг хиймэл оюун ухаан гаргаж, хүмүүс зөвхөн уурхайн эзэмшигч болох ирээдүй бий. Эрсдэлтэй орчинд үйл ажиллагааг роботууд гүйцэтгэж, уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд хүний оролцоо эрс багасч, ихэнх үйл ажиллагаа алсын удирдлагатай болно.
Эрдэс баялгийн салбарт тэргүүлэгч дэлхийн томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагааны зардал 15 тэрбум ам.долларт хүрч, энэ салбараас жилд 2 их наяд гаруй ам.долларын орлого олдог байна. Хайгуулаас олборлолт, ашиглалтаас боловсруулалт хүртэлх уурхайн үйл ажиллагаа механикжуулалтаас автомат жолоодлоготой машин хүртэлх хөгжлийн явцад инноваци шингэсэн технологи ашиглаж иржээ. Өнөөдөр хүний үйл ажиллагаа, программ хангамжид суурилсан уул уурхай давамгайлж буй ч 2030 оноос хойш дата анализ, хиймэл оюун ухаан (AI) зэрэг дижитал технологид суурилсан уул уурхай руу шилжих эрин үе айсуй.
Хиймэл оюун ухаан нэвтэрснээр нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг урьдчилан таамаглах, эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, хүрээлэн буй орчны эрсдэлийг бууруулах, хайгуулын судалгааг өндөр нарийвчлалтай гаргана.
Аюулгүй байдал
Уул уурхайн компанийн хувьд аюулгүй ажиллагаа нэгдүгээрт бичигддэг. Хиймэл оюун ухаан уурхайн талбайд гарч болзошгүй эрсдэлийг үнэлж, сэрэмжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийн мэдээллийг AI ашиглан хянах боломжтой юм.
Тухайн техникийн засвар үйлчилгээ, гарч болзошгүй эвдрэл гэмтлийг урьдчилан мэдээлснээр эрсдэлийг эрс бууруулна. Тэр ч бүү хэл, ажилчдын ачааллыг хянах, ээлжийн хуваарийг оновчтой болгоход AI тусалж чадна. Хиймэл оюун ухаан ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглаж, илүү мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар ихэнх уурхай хиймэл оюун ухаанаар жолооддог машин техник ашиглан уурхайчдын аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж байна.
Суурилсан ангилах систем нь газрын гүн дэх чулуулгаас ашигт малтмалыг богино хугацаанд тодорхойлж өгснөөр олборлолтын хурд нэмэгдэж, үр дүнд нь боловсруулалтын зардал буурах юм.
Үр ашиг ба бүтээмж
AI нь хайгуулаас эхлээд олборлолт, ашиглалтаас боловсруулалт хүртэлх уурхайн үйл явцыг оновчтой болгож чадна. Жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглан 1013 зэрэгтэй тэнцэх хэмжээний мэдээллийг хэдхэн цагийн дотор боловсруулж хамгийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх боломж бүрдэхийг Арабын нэгдсэн Эмират улсын их сургуулийн профессор Г.Мөнхжаргал “Хиймэл оюун ухаан цаашдын хэрэглээ, уул уурхайн салбарт хэрхэн ашиглаж болох вэ” сэдвээр “Digitalization in Mining Mongolia” форумын үеэр онцолсон.
Ийм хэмжээний мэдээллийг хүн одоогийн ашиглаж буй техник технологи, боломжит хувилбараар боловсрууллаа гэж үзэхэд хэдэн 100 жил шаардагдах тухай дурдлаа. AI ийм чадварыг геологийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, нөөц тогтоох хамгийн ирээдүйтэй ордыг нээж илрүүлэхэд ашиглаж байна.
AI-д суурилсан урьдчилан таамаглах засвар үйлчилгээ нь тоног төхөөрөмжийн сул зогсолтыг багасгаж, үр ашгийг улам нэмэгдүүлж, уурхайчдын хүрч чадахгүй газарт хиймэл оюун ухаанд суурилсан техник хүрч ажиллаж эхэллээ.
Мөн үүнд суурилсан ангилах систем нь газрын гүн дэх чулуулгаас ашигт малтмалыг богино хугацаанд тодорхойлж өгснөөр олборлолтын хурд нэмэгдэж, үр дүнд нь боловсруулалтын зардал буурах юм. Хиймэл оюун ухаанаар ажилладаг робот үйлдвэрлэгч Offworld энэ оноос эхлэн олборлох үйлдвэрлэлд ашиглах роботондоо захиалга авч эхэлжээ. Автомат роботууд газрын гадарга, газар доорх орчныг судлах, малтлага хийх, зөөвөрлөх, боловсруулахад зориулагдаж, батарейгаа өөрөө солих, цэнэглэдэг болжээ.
Байгаль орчин
Уул уурхайн салбарын байгаль орчны нөлөөлөл дэлхийн аль ч улсад анхаарал татсан гол асуудал. Уурхай ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах бүхий л арга хэрэгслийг ашиглахыг зорьдог. Харин орчин үед AI нь эдгээр түгшүүрийг багасгахад тусалж байна.
Өндөр нарийвчлал бүхий дата анализ хийснээр уурхайн орчмын байгаль орчны үнэлгээг нарийн тооцож, хамгийн үр ашигтай олборлолтыг тооцоолж өгдөг болжээ. Ингэснээр шаардлагагүй малталт, хог хаягдлын менежментийг сайжруулах боломжтой болов. Түүнчлэн хиймэл оюуныг ус ашиглалт, эрчим хүчний менежментэд ашиглаж нүүрстөрөгчийн сөрөг нөлөөллийг богино хугацаанд бууруулахад хэрэглэж эхэллээ.
Хамгийн гол нь хиймэл оюун ухаанд суурилсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээ уул уурхайн компаниудыг ногоон байгаль орчны зорилтод нийцүүлэхэд тусалдаг.
Зардал бууруулах
AI нь уул уурхайн компаниудын зардлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулахад тусална. Машин техникийн эвдрэл гэмтэл, цагийн менежмент, оновчтой тооцоолол зэрэг нь эцсийн дүндээ уурхайн зардлыг эрс бууруулж байна. Эрчим хүчний менежмент сайжирснаар автоматжуулалт илүү боловсронгуй болж цаашлаад бие даасан систем маягаар ажиллах боломж бүрдэж байна. Үр дүнд нь хамгийн аюулгүй, хамгийн оновчтой байдлаар хөдөлмөрийн зардлыг бууруулна. Автомат тээврийн хэрэгслийн хамгийн оновчтой шийдлээр Комацу-г нэрлэж болно.
Геологийн судалгаа ба гео орон зайн шинжилгээ
Геологийн судалгаанд AI үсрэнгүй хөгжил авчирч байна. Судлаачид, AI хөгжүүлэгчид хайгуулын судалгаанд ашигласан үр дүнгээ танилцуулж урьд өмнө танигдаагүй шинэ ордыг нээн илрүүлж байгаагаа зарлав. Хамгийн сүүлд Замби улсад зэсийн Мингонба хэмээх маш том орд илрүүлснээ Стэнфордын их сургуулийн профессор Жеф Каерс хэлж байна. Тэд AI, асар олон өгөгдөл дундаас боловсруулалт хийж ашигт малтмалын шинэ орд илрүүлэх хуучин технологийг халж хувьсал авчирна гэж мэдэгджээ.
Хиймэл оюун ухааныг гео орон зайн шинжилгээтэй нэгтгэснээр уурхайн талбайн талаарх бодит мэдээллийг өгөх боломжтой болно. Энэ нь шийдвэр гаргалтын түвшинд үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Дрон, хиймэл дагуулын зураг, IoT мэдрэгч нь газрын хөдөлгөөн болон тоног төхөөрөмжийг хянах, тээврийн маршрутыг оновчтой болгоход тусалдаг ба хиймэл оюун ухааны өгөгдөлд мэдээлэл дамжуулах боломжтой болж байна.
Бэрхшээл
Хиймэл оюун ухаан уурхайн үйл ажиллагаанд нэвтрэхийн хэрээр ажиллах хүчний шилжилт явагдана. Уурхайчдын ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологид сургах шилжилтийн үе ирж байна. AI системээр үүсгэсэн асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах, удирдах, дүн шинжилгээ хийх мэргэжилтнүүд бэлтгэх нь уурхайн хувьд ирээдүйгээ харсан хэрэг болоод байна. Мэдээж мэдээллийн нууцлалыг хадгалах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх талаар давхар судалж, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарна.
Эцэст нь уул уурхайн салбарын ил тод, тогтвортой хөгжилд дижитал өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны л асуудал болно.