МОСКВА, 5-р сарын 17 (Ройтерс) - ОХУ, Хятад улс удахгүй “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээ байгуулна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлснийг Интерфакс агентлаг иш татжээ. Энэхүү хоолойгоор Оросын хий Хятад руу нийлүүлэгдэнэ. ОХУ нь Ямалын бүс нутгаас Хятад руу жилд 50 тэрбум метр куб хий тээвэрлэх “Сибирийн Хүч-2” хоолойг барих талаар олон жил ярьж ирсэн. Ерөнхийлөгч Путины газрын тос, хийн салбарыг хариуцсан гол хүн Новак нь Хятадад албан ёсны айлчлал хийж буй Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон бол Газпром компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер багтаж чадаагүй билээ. Оросын ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэхүү айлчлалаар хоёр орны стратегийн түншлэлийн "шинэ эрин" эхлүүлнэ гэж амлалаа. "Бид тун удахгүй Монголын нутаг дэвсгэрээр жилд 50 тэрбум метр куб хий дамжуулах хоолой барих гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна" гэж Новак хэлснийг “Россия-1” улсын телевиз иш татлаа. Москва, Бээжин нар “өөр шинэ төслүүд” дээр ажиллаж байгаа гэж Новак хэллээ. Оросууд хоолой тавих санааг эртнээс гаргаж байсан. Харин одоо энэ асуудлыг илүү хурдан шийдвэрлэх шаардлагатай болсон бөгөөд Москва Хятадыг байгалийн хийн гол худалдан авагч болгохыг хүсч байна. 2600 км урттай энэхүү хоолой нь жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх хүчин чадалтай. Энэ нь Оросыг Германтай холбодог “Nord Stream 1” хойлойноос яльгүй бага хэмжээ юм. Анхны “Сибирийн Хүч” хоолой нь Сибирийн нутаг дэвсгэрээр 3000 км явж, Хятадын хойд-зүүн Хэйлунцзян мужид хүрдэг.