И.Отгонжаргал
Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.
Монгол Улсын Үндсэн хуульд хамгийн сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн тухай хууль гарах замыг засаж, батлах ногоон гэрлийг асаасан гэсэн үг. Учир нь 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.Тиймээс дөнгөж батлагдаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндэс нь юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулсан дээрх заалтын тухай хэлэхдээ “Үүнийг байгалийн баялаг ихтэй улсуудын тэр дундаа Норвегийн байгалийн баялгаа эргэлтэд оруулсан, баялагтаа эзэн болсон улсын туршлагыг судалж оруулсан” хэмээн онцолж байсан удаатай.
Үндэсний баялгийн санг улстөрчид удирдах нь хэр оновчтой вэ?
Үндэсний баялгийн сан нь дотроо Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан гэсэн гурван сангаас бүрдэхээр тусгажээ. Эдгээр сангуудын хөрөнгө нь уул уурхайн орлогоос бүрдэнэ. АМНАТ-ийн дийлэнх орлогыг Төсвийн тогтворжуулалтын сан болоод Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэний дараа үлдсэн мөнгөнөөс нь 65%-ийг Ирээдүйн өв санд төвлөрүүлнэ. Төрийн эзэмшилд байдаг Стратегийн орд газрууд болон төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгийн 34%-ийг тэр чигт нь Хуримтлалын санд төвлөрүүлнэ. Харин Хөгжлийн сангийн тухайд нэгдсэн төсөвт төсөвлөсөн уул уурхайн орлого тухайн жилд төсөвт тусгаснаас давсан бол түүний 50%-ийг тусгах юм. Тодруулбал, энэ жил төсөвт нүүрсний борлуулалтын үнийг 100 ам.доллар гэж тусгаад 150 ам.долларт хүрэх юм бол нэмэлт орлогын 50%-ийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ гэсэн үг.
Засгийн газрын ХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат “ Жишээ нь 2023 онд нийт Төрийн өмчийн уул уурхайн компаниуд 4.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ бол Монгол Улсын төсвийн орлогын 1/5-тэй тэнцэх хэмжээний ашиг. Цаашдаа үйлдвэрлэл технологийн паркууд ашиглалтад ороод, уул уурхайн компаниудын менежмент илүү сайжирч, төмөр замууд ашиглалтад орсон тохиолдолд дээрх орлого дахин нэмэгдэнэ. Энэ өгөөжийн 34% шууд Үндэсний баялгийн санд орно” гэлээ. Тэгэхээр 2017 оноос хойш одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй Ирээдүйн өв сангийн тухай хуулиар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааны ногдол ашиг Ирээдүйн өв санд ордог байсан бол одоо Хөгжлийн сан руу оруулах зохицуулалт хийжээ.
Баялгийн сангийн зарцуулалтыг аваад үзэх юм бол Ирээдүйн өв сангийн орлогыг Монголбанкин дахь валютын дансанд төвлөрүүлнэ. Энэхүү төвлөрсөн хөрөнгөөр олон улсын хөрөнгийн захад оролцох байдлаар арвижуулах аж. Хөгжлийн сангийн хувьд Төрийн сангийн нэгдсэн дансанд хадгалагдана. Харин Хөгжлийн санд цугларсан мөнгөөр Монгол Улсын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусгасан бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Хуримтлалын сангийн мөнгө мөн Төрийн сангийн дансанд байршина. Гэхдээ үүний ялгаа нь иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа гэдэг шиг Хуримтлалын сан дээр иргэн бүрт нэрийн данс нээнэ. Энэ мөнгөө иргэн бүр шууд аваад хэрэглэх боломжгүй. Боловсролын чиглэлээр дотоод, гадаад сургалтын төлбөр, өндөр үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл үүсэх, орон сууц худалдан авах 30%-ийн урьдчилгаа зэрэгт зарцуулахыг зааж өгсөн.
Ийнхүү нийтийн баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх боломжийг нээх хууль эрх зүйн орчны эхлэлийг тавьж байгаагаараа Үндэсний баялгийн сангийн тухай хууль онцлогтой юм.
Гэхдээ уншигч та бүхэн эргэлзэж буй байх. Сангийн хөрөнгийг улстөрчид дур мэдэн зарцуулахгүй гэсэн баталгаа байна уу гэж. Хөгжлийн сангийн мөнгө мэдээж бодлого шийдвэр хэрэгжүүлж байгаа улстөрчдийн хараанаас холдохгүй.
Харин Хуримтлалын санг хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушааалтан болон Засгийн газар дур мэдэн зарцуулах боломжгүй хэмээн хууль баталсан улстөрчид мэдэгдэж байна. Энэ бүх нөхцөл байдлыг нь хууль эрх зүйн орчноор нь хааж өгсөн гэж байгаа ч уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрхлэгч нарын төлөөлөл болон эдийн засагчид энэ үгэнд итгэхгүй байгаа юм. Зөвхөн тэд ч гэлтгүй нийтээрээ үүнд итгэхэд бэрх. Учир нь манай улсын хувьд Засгийн газрын сангуудын түүх сайнаар дууссан нь ховор. Санд хөрөнгө мөнгө төвлөрүүлэх нэг хэрэг зарцуулах, арвижуулах асуудлыг хуульд илүү тодорхой болгох шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна.
Мөнгөний удирдлагыг хэрхэн хангах вэ гэдэг маш чухал болохыг эдийн засагчид, бизнесийнхэн болоод судлаачид анхааруулсаар байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын удирдлагыг ямар компанид хариуцуулах вэ гэдэг асуудлыг сайтар бодох ёстой. Сангийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхөх, нийгмийн халамжийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зэрэг зүйлд үрчихдэг гашуун туршлага давтагдахаас сэрэмжлэх, тэр дундаа улстөрчдийн оролцоог аль болох бага байлгах нь чухал гэдгийг онцолж буй. Гэтэл одоогоор Үндэсний баялгийн сангийн удирдлагыг парламентад өгөх нь зөв хэмээн үзжээ.
Стратегийн ордыг анхаарлын төвд дахин авчрав
Үндэсний баялгийн сангийн орлогод стратегийн орд ашиглалтын ногдол ашиг голлох нөлөөтэй учраас уг хууль батлагдсантай холбоотой энэ асуудал хурцаар тавигдав. Өнөөдрийн байдлаар УИХ тогтоол гаргаж 16 ордыг стратегийн орд газраар бүртгэсэн байдаг. Үүнээс 7 нь “Эрдэнэс Монгол” компанийн нэгдэлд бий. УИХ-ын тогтоол гарах үед 2 дугаар хавсралтыг мөн баталсан. Үүнд стратегийн орд газарт бүртгэгдэх магадлалтай нөөц арвин 39 ордыг нэрлэсэн. Эдгээр 39 ордоос гурав нь “Эдэнэс Тавантолгой” компанийн эзэмшилд байдаг. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын 3 сая иргэний баялаг гэж нэрлэгдэж байгаа стратегийн орд газруудын эзэмшил, хувь хүртэх асуудлыг энэхүү хуулиар тодорхой болгож байна. Хамгийн гол нь хувийн хэвшилд байгаа орд газруудын хувь эзэмшлийн асуудлыг олон нийтэд нээлттэй болгон хөрөнгийн биржид бүртгүүлэн IPO гаргах, хэрэв өвлүүлж уламжлуулахаар бол авах татвар нь өндөр байх зэрэг зохицуулалтыг мөн хуульд тусгаад байгаа юм.
Уг хуулийг баталсантай зэрэгцээд Засгийн газрын зүгээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж үйлдвэрлэл эрхэлж ирсэн “Ачит Ихт” компанийн 34%-ийг “Эрдэнэт” үйлдвэр эзэмших 2014 онд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэлийг өгөв. Улмаар энэхүү үүсмэл ордыг бий болгоход “Эрдэнэт” үйлдвэр 500 орчим сая ам.долларыг зарцуулсан учраас “Ачит Ихт”-ийн борлуулалтын орлогоос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувь авах ёстой” хэмээн дуулиан дэгдэв. Хуультай болсон тул төр энэ маягаар ажиллах бололтой.
Монгол Улсын Засгийн газар, хууль тогтоох дээд байгууллагаас газрын хэвлийн баялгийн өгөөжийг монгол иргэн бүрд тэгш, шударга, хүртээмжтэй болгох чиглэлд нэг алхам ийн хийлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон дагалдах олон хууль эрх зүйн шинэ зохицуулалтуудтай нийтээрээ танилцаж, Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн сангуудыг урт настай, зөв хөгжих замыг олон талаас нь хэлэлцэж, алдаа дутагдлыг нь шүүх биз ээ.