Ч.Сансар
Салхи, нарны хүчин чадал одоогоор хангалтгүй байгаа тул Австрали хамгийн том нүүрсний цахилгаан станцаа хаахаа хойшлуулж байна.
Bloomberg-ийн мэдээлснээр Origin Energy компаниас Eraring станцыг төлөвлөснөөс илүү удаан ажиллуулахыг New South Wells мужийн захиргаа хүссэн байна. Хэрвээ ажиллуулбал жилд 150 сая ам.долларын санхүүгийн тусламж олгох юм байна.
Eraring цахилгаан станц нь 2.9 ГВт-ын хүчин чадалтай. Засгийн газраас тусламж авдаг салхи, нарны эрчим хүч хямдарч байгаа тул уг станцын оператор Origin Energy компани станцаа хаахаар төлөвлөжээ. Харин Засгийн газраас станцын хоёр хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн. Тус цахилгаан станц бүтэн хүчин чадлаараа ажиллахад тус мужийн эрчим хүчний хэрэгцээний 1/4-ийг хангадаг.
Нүүрсний цахилгаан станцуудыг хэт хурдан хаавал цахилгаан тасрах эрсдэлтэйг мужийн захиргаа анхаарууллаа. Түүнчлэн Австралийн эрчим хүчний зах зээлийн оператор хүн амын өсөлт нь цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаагийн гол шалтгаан гэдгийг онцолжээ.
Eraring цахилгаан станцыг 2025 онд хаахаар төлөвлөсөн. Харин одоо станцын үйл ажиллагааг 2 жилээр сунгалаа. Тэр үед New South Wells мужийн хүн амын хэрэгцээг хангахуйц салхи, нарны эрчим хүчтэй болно гэж найдаж байгаа юм.
Мэдээж байгаль хамгаалагчид New South Wells мужийн захиргааны шийдвэрт сэтгэл дундуур байсан бөгөөд энэ нь тус мужийн эрчим хүчний шилжилтэд сөргөөр нөлөөлнө гэж мэдэгджээ.
"Eraring станцыг хаах хугацааг хойшлуулж байгаа нь бидний сэргээгдэх эрчим хүчний зорилтуудыг биелүүлэхэд эрсдэл үүсгэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний тогтвортой ирээдүйд хүрэх хүчин чармайлтыг сулруулж байна" гэж Clean Energy Investor Group нэртэй байгууллагын гүйцэтгэх захирал мэдэгдэв.
Эх сурвалж: oilprice.com