Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Батцэнгэл: Бид дэлхийн технологийн хөгжлөөс хоцрох ёсгүй

“Кей Ди” ХХК-ийн Технологи хариуцсан захирал С.Батцэнгэлтэй  уул уурхайн салбарт  нэвтэрч буй хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, программ  хангамжийн талаар ярилцлаа.  

Уул уурхайн салбарт нэвтэрч буй  технологийн шийдлүүд  тэр дундаа хиймэл оюун ухааны чиг хандлагыг Та хэрхэн тодорхойлж байна вэ?
Асар хурдтай хөгжиж буй  технологийн шилжилт тэр дундаа хиймэл оюун ухааны чиг хандлага  уул уурхайн салбарт өргөн нэвтэрч,  геологи хайгуулын эрэл хайгуул, эрдэс бүтээгдэхүүн, хүдрийн агууламжийг тодорхойлох шинжилгээний программ хангамж, техникийн  засвар үйлчилгээг таамаглах, автомат өрөмдлөгийн систем зэрэг тусгайлан зориулсан олон төрлийн технологийг хөгжүүлэхэд  голлон чиглэж байна. Эдгээр технологиуд нь тоног төхөөрөмжийн менежментээс эхлээд нөөцийн хуваарилалт хүртэлх уул уурхайн үйл ажиллагааны  тулгамдсан асуудлыг богино хугацаанд, оновчтой шийдвэрлэх зорилготой юм. Өндөр өртөгтэй хийгддэг хайгуулын ажлын зардлыг бууруулахад  ашиглаж эхлээд байна. 

Агуулгын нарийн шинжилгээгээр тоног төхөөрөмжийн сул зогсолтыг 20% хүртэл бууруулж, хүдэр олборлолтыг  5-10%-иар нэмэгдүүлснээр үйл ажиллагааны үр ашиг дээшилж буйг  бидний гаргасан хиймэл оюун ухааны шийдлүүд харуулсан. Ил болон далд уурхайн орчин дахь гарч болзошгүй эрсдэл,  осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодит цагийн хяналтын системээр дамжуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хянах боломжтой болох юм.
 
Та хиймэл оюун ухааны хувьслын дараа­гийн алхмуудад хэрхэн бэлтгэж байна вэ?
Бүрэн удирдлагатай уул уурхайн роботуудыг хөгжүүлэх, геологийн үнэлгээнд зориулсан мэдээлэлд илүү гүнзгий дүн шинжилгээ хийх асар их боломжуудыг бид харж байна. Ордын нөөцийг тогтоож, олборлолт явуулахад технологийн   маш  хурдтай хувьсал  өөрчлөлт гарч,  дараагийн 10 жилд бүтээмжийг 30% хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэдэг нь бодит судалгаан дээр тогтоогдсон.

Уул уурхайн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглахад тулгарч буй гол бэрхшээл нь юу  вэ? 
Гол бэрхшээл бол одоо ашиглаж байгаа системийн нийцэл.  Бидний хөгжүүлж буй  хиймэл оюун ухааны шийдлүүд нь модульчлагдсан, өргөтгөх боломжтой байхаар бүтээгдсэн бөгөөд нэгтгэх боломжийг олгодог.  Ашиглалтын зардлын хувьд   урт хугацааны хуримтлалаар нөхөгддөг.  Харин компаниудын хувьд   багадаа 2-3 жилийн доторх хөрөнгө оруулалтын өгөөжийг хардаг бол эсрэгээр үйл ажиллагааны зардал дээрх хугацаанд 15-25%-иар өсөх  магадлалтай.

Хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж буй уул уурхайн компаниудад Та ямар зөвлөгөө өгөх вэ? Уул уурхайн компаниуд хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэхэд ажиллах хүчнээ хэрхэн  бэлтгэх  вэ?
Компаниудад хиймэл оюун ухааны шийдлүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, өргөтгөх чадварыг үнэлэх туршилтын төслүүдийг эхлүүлэхийг бид зөвлөж байна. Ажилтнуудыг сургах, хөгжүүлэх хөтөлбөрүүд нь шилжилтийг жигд тасралтгүй явуулахад чухал үүрэгтэй. Хиймэл оюун ухааныг идэвхтэй хэрэгжүүлсэн компаниудын зөвхөн зардал нь буураад зогсохгүй  хөдөлмөрийн аюулгүй байдал, үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулдаг.

Бид дэлхийн  дахинд нэвтэрч буй технологийн  хөгжил  дэвшлээс хоцорч болохгүй. Уул уурхайд хиймэл оюун ухааныг ашиглах   нь дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна. Жишээлбэл, Австрали, Канад улсад уул уурхайн үйл ажиллагааны 50 орчим хувь нь хиймэл оюун ухаан дээр суурилагдаж ямар нэгэн хэлбэрийг ашиглаж байна. Уул уурхайн салбарт, ялангуяа хариуцлагатай, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны сэргэлтийг хурдасгахад гол нөлөөг үзүүлнэ.

Бид байгаль орчны нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгахыг зорьж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилагдсан  программууд  нь уул уурхайн үйл ажиллагаанаас нүүрстөрөгчийн ялгаралтыг ойролцоогоор 10%-иар бууруулж байна. Цаашдаа ч энэ нөлөө нэмэгдэх болно.

Уул уурхайн компаниуд VR төхөөрөмжийг ХАБ-ын сургалтад ашиглах болсон.  Үүнээс гадна ямар  бүтээгдэхүүнийг Та бүхэн хөгжүүлж байна вэ?
VR нь ямар ч аюул эрсдэлгүй  бөгөөд бодит мэт мэдрэх боломжтой сургалтын орчинг  бий болгодог. Сургалтаар дадлагажигчдад тоног төхөөрөмжийн эвдрэл, аюултай нөхцөл зэрэг онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэн simulation хийх боломжтой ба энэ төрлийн сургалтыг биеэр гүйцэтгэсэн хүмүүс  2 долоо хоногийн дараа    санах ой тогтоолт  80%-тай  байдаг нь судалгаагаар тогтоогдсон маш өндөр үзүүлэлт юм. 

Эдгээр модулиудыг компанийн сургалтын хөтөлбөрт нэгтгэж, VR төхөөрөмжөөр дамжуулан хүргэнэ. Тогтмол хичээлүүдийг хуваарьтай болгож, гүйцэтгэл дээр аналитик дүгнэлт  хийж сургалтын үр дүнг үнэлэхэд ашигладаг.

 VR сургалт нь бодит эрсдэлгүйгээр практик, дадал туршлагаар хангаснаар аюулгүй байдлыг ихээхэн сайжруулдаг. Судалгаанаас үзэхэд VR нь аюулгүй байдлын сургалтыг 75% хүртэл сайжруулж чадна. Нэмж дурдахад, VR сургалт нь   уурхайн бодит талбайд нэвтрэх шаардлагагүйгээр уян хатан, давтан дадлага хийх боломжийг олгодог тул ХАБ-ын сургалтад шаардагдах хугацааг 40% хүртэл бууруулах боломжтой.
 
Уул уурхайн салбарт 5G  технологи яагаад чухал вэ?
5G нь автомат машин, роботуудыг найдвартай, хугацааны алдагдалгүй ажиллуулах боломжийг олгодог. Автономит ачааны машин, өрөм, экскаватор зэрэг тоног төхөөрөмж нь аюулгүй, үр ашигтай ажиллахын тулд хяналтын төвүүдтэй саадгүй, шуурхай холбогдох ёстой. Энэ нь уул уурхайн салбарын хувьд маш чухал юм. 5G-ийн хоцролт бага, зурвасын өргөн нь команд болон өгөгдлийг хоцрогдолгүй солилцож, алдаа, ослын магадлалыг бууруулдаг.