Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Б.Эрдэнэчулуун: Геологи, геодез тэсэлгээний ажилтан болох боломжтой

П.Жаргалсүрэн

ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр 3 дахь жилдээ сурч буй Б.Эрдэнэчулуунтай ярилцаа.

Уул уурхайн салбарыг сонгон суралцах шалтгаан юу байв?  

Энэ мэргэжлээр суралцахад хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Хамгийн нэгдүгээрт, ажлын байрны эрэлт хэрэгцээ их байгаа нь сонгох шалтгаан болсон. Мөн цалин өндөр, хөрвөх чадвар сайтай, геологи, геодез тэсэлгээний ажилтан болох боломжтой болохоор ашиглалтын технологи мэргэжлийг сонгосон. Бас  14 хоногоор ээжлэн ажилладаг нь таалагддаг. Амрах 14 хоногтоо өөрийгөө хөгжүүлэх боломжтой.  

Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг өөрийнхөөрөө тайлбарлавал?

Уул уурхай, эдийн засагтай холбоотой мэдээллийг сонирхож уншиж судалдаг. Уул уурхайн ашиглалтын  тоног төхөөрөмжүүд  байнга шинэчлэгдэж, бичил уурхай ч гэсэн сүүлийн үеийн техник технологитой болсон.

Хамгийн сонирхол татаж байгаа нь геологи, хайгуулын ажил, миний хувьд. Цаашдаа Монгол орны хувьд геологийн нарийвчилсан судалгааг AI ашиглан  хийх хүсэлтэй.

Технологи хөгжиж байгаа учраас хүний нөөцөө дэлхийн жишигт нийцүүлж ажиллах шаардлага тулгарч байгаа болов уу. Манай улсын уурхайнуудаас Оюу толгой компани энэ тал дээр нэлээн туршлагатай юм шиг санагддаг.

Төгсөөд хаана ажиллахаар төлөвлөж байна, ажлын байрны олдоц танай мэргэжлээр төгсөгчдөд их байдаг уу?  

Манай мэргэжлээр жилдээ 100 гаруй оюутан төгсдөг. Төгсөгчид ихэнх нь ажлын байртай болдог. ШУТИС-д суралцаж төгссөн оюутнууд уул уурхайн ажилтнуудын 70 хувийг эзэлдэг гэсэн статистик байдаг юм байна лээ. Хөрвөх чадвар сайн учраас өөрийн сонирхлоороо ажиллах бүрэн боломжтой.

Оюутнуудыг дэмжих төсөл хөтөлбөр байдаг уу?  

Тавантолгой, Оюу толгой, Трансвэст гэх мэт компаниуд уул уурхайн салбарт суралцаж буй оюутнуудад их боломж олгодог. Уул уурхай хөгжсөн аймгийн хүүхдүүд энэ мэргэжлээр суралцвал 60-100 хувийн тэтгэлэг авдаг.